АНУ дэлхийн гадаргуугаас 210 км-ийн өндөрт жагсаалаас гарсан америкийн тагнуулын хиймэл дагуулыг пуужингаар устгалаа. Хэмжээгээр автобусын дайтай, хагас тонн хорт түлш тээсэн хиймэл дагуул хүмүүсийн толгой дээр унаж, ямар ч оронд хор хохирол учруулаагүй гэдэгт баярлах хэрэгтэй. Вашингтонд албан ёсоор мэдээлж байсанчлан энэ ажлыг хор хохиролгүй гүйцэтгэхээр тооцсон юм. Америкийн эрдэмтэн, цэргийнхэнд баяр хүргэж болно. Америкийн цэргийнхэн Номхон далайд байгаа хөлөг онгоцны давцангаас пуужин хөөргөж, 10 секундэд багтаж хиймэл дагуулыг устгажээ. Америкийн энэ амжилтад баярласан нэг ч орон байхгүй байгааг ажиглаарай. АНУ сансрын уудамд зэвсэглэллээр хөөцөлдөх, хиймэл дагуул устгах зэвсгийг устгах туршилтаа амжилттай гүйцэтгэлээ гэсэн түгшүүр төрж байна. ОХУ-ын батлан хамгаалах ямны мэдэгдэлд энэ тухай дурдсан. Энэ арга хэмжээ нь АНУ-ын дэлхийг хамарсан пуужингийн довтолгооны системийн бүрэлдэхүүн хэсэг юм гэж батлан хамгаалахын мэдэгдэлд дурдсан юм. Хиймэл дагуулын нислэгийн үзүүлэлт, траектори, пуужин амдан сөнөөгчөөр зэвсэглэх зэрэг бусад мэдээллээ танилцуулахаас америкийн тал татгалзсан нь нэмэлт шалтаг гэж бодохоор байна. АНУ-ын нэрд гарсан эрдэмтэн Вашингтоны Симпсоны нэрэмжит төвийн захирал Майкл Крептон хиймэл дагуулын талаарх Вашингтоны албан ёсны мэдэгдэлд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Пентагон “оддын дайн” хийх туршлага хуримтлуулж байна гэж тэрээр илэн далангүй хэлсэн юм. Харин Их Британийн “Индепендент” сонин америкийн мэдэгдлийг хөх инээд хүргэсэн гэж нэрлэжээ. Үнэн хэрэгтээ инээд хүргэсэн бус ноцтой асуудал үүсээд байгаа. АНУ өөрийн хиймэл дагуулаа устгаснаар дэлхийг хамарсан пуужингийн систем, сансрын зэвсэгтэй холбоотой мэдээ материал, туршлагаа гарцаагүй ашиглах нь хэнд ч ойлгомжтой. Энэ тухайд Вашингтоны гар сул байгаа. АНУ 1972 оны пуужингийн довтолгооноос хамгаалах системий гэрээнээс нэг талын шийдвэрээр гарсан. Тэд лазер, кинетик зэвсэг бүтээж, туршсан. Одоо Америк пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Чех, Польш болон бусад орон байрлуулах бодолтой байна. Сансрын уудмыг цэрэгжүүлэхээс сэргийлэх тухай Орос, Хятадын төслийг АНУ саяхан үгүйсгэсэн билээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Женевт болсон зэвсэг хураах тухай бага хурлын үеэр төслийг танилцуулсан юм. Хиймэл дагуул устгах зэвсгийн туршилт нь “оддын дайн” явуулах бэлтгэл ажлыг хангах хөтөлбөрт багтсан нь ойлгомжтой. Америкийн амжилтад баярлах эсвэл болгоомжлохоо та сайн тунгаагаарай.

Орчуулагч Г.Нарангарав