НҮБ-д сууж байсан АНУ-ын элчин сайд асан Жон Болтон Италийн “Ла Стампа” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Жон Болтон олон жилийн турш Жорж Бушийн засаг захиргааны гадаад бодлогыг идвэхтэй дэмжигчийн нэг байсан. Харин Косовын асуудлаар америкийн албан ёсны байр суурийг тэр эрс эсэргүүцэж байна. Түүний үзэж буйгаар АНУ болон европын хэд хэдэн орон Косовын салан тусгаарлагчдыг дэмжсэнээр алсдаа Балканы хойг төдийгүй дэлхийн бусад бүс нутагийг тогтворгүй байдалд хүргэх ноцтой олон асуудал үүсгэх геополитикийн үйл явцад түлхэц боллоо. Жон Болтоны энэ байр суурийг америкийн нөлөө бүхий улс төрчид дэмжиж байгааг хэлэх хэрэгтэй. Тэдний нэг нь төрийн нарийн бичгийн дарга асан Лоренс Иглбергер, Батлан хамгаалахын сайд асан Питер Родмэн юм. Жон Болтон өөр нөхцөл байдалд шударга байр суурьтай байна. Косовын асуудлаар НҮБ-ын байр суурийг үл ойшоох оролдлогын тухайд юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244 тогтоолоор цагаан цаасан дээр хараар Косово Сербийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэнэ гэж бичжээ. Косовын тусгаар тогтнолоыг дэмжиж байгаа улс Аюулгүйн Зөвлөлийн сайшаасан тогтоолыг үл хайхарч байгаа хэрэг хэмээн Жон Болтон үзэж байна. Олон улсын хуулийн хэм хэмжээ, байгуулсан гэрээ хэлэлцээг зөрчсөн тухайд зөвхөн улс төрчид төдийгүй зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаарлаа хандуулж байна. Их Британийн “Дэ Гуардиан” сонинд саяхан хэвлэгдсэн нийтлэлд энэ тухай өгүүлжээ. Өнөөгийн байдлаар Орос улс 1244 тогтоолыг бичгээр үйлдсэн эхээс өөрөөр тайлбарлахыг зөвшөөрөхгүй байна. НҮБ, олон улсын эрхийг хамгаалсан цорын ганц улс бол Орос улс юм. Косовын тусгаар тогтнолыг зарлах Приштины нэг талын үйлдлийг Орос улс хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай утсаар ярихдаа энэ тухай мэдэгдсэн юм. Америкийн талын санаачлагаар ийнхүү ярилцсан байна. Тус хязгаарын тусгаар тогтнолыг зарлах Приштины нэг талын алхамыг үл зөвшөөрөх зарчмын байр суурийг манай тал баталсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэсэн юм. Энэ алхамын үр дагавраар олон улсын тогтвортой байдал, хэдэн арван жил тогтсон дэлхийн дэг журмыг эвдэх аюултай болохыг сайд тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав