НҮБ-ын нэр хүнд аюулын ирмэгт байна. Косовын асуудлыг хэлэлцэх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даваа гаригт болсон онц хуралдаанаас энэ бүхэн тодорхой байна. Нутгийн албаничууд сербийн энэ хязгаарын тусгаар тогтнолыг зарласан юм. Косовын эрх баригчдын шийдвэр НҮБ-ын хувьд бат бэх байдлын сорил болно. Тус байгууллагын дүрэм, орчин үеийн дэлхийн дэг журмын тулгуур үндсийн талаарх асуудал урган гарч байна. Юуны түрүүнд улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын тухай асуудал хөндөгдөнө. Косовог Сербээс тусгаарлавал аль нэг орны нэгдэл баталгаагүй болох юм. Сербийн ерөнхийлөгч Борис Тадич үг хэлэхдээ үүнд анхаарлаа хандуулсан байна. Түүний ийнхүү анхааруулсныг бүгд сонсоогүй бололтой. Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн байр суурь өөр өөр байна. ОХУ, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Вьетнам, Ливи, Индонез улс Приштины нэг талын шийдвэрт сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. НҮБ-д суугай байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ талаар ийнхүү ярьж байна. «Сербийн Косовын хязгаарын 2008 оны 2-р сарын 17-нд гаргасан тунхаглал нь олон улсын харилцааны тулгуурыг эвдэж, олон улсын эрхийн зарчим, хэм хэмжээ юуны түрүүнд НҮБ-ын дүрмийг илэрхий зөрчиж байгаа хэрэг юм. Косовын албанийн удирдлагын хууль бус үйлдэл, тэднийг дэмжиж байгаа хүмүүс аюултай жишээний үндсийг тавьж байна гэж В.Чуркин хэллээ.
Юуны түрүүнд АНУ, Их Британи, Франц, Бельги улс Косовын тусгаар тогтнолыг сайшаажээ. Косовын хязгаарын байдал “онцгой” хэмээн тэд тайлбарлахыг оролдож байлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны байр суурь тууштай бус байна. Нэг талаас тэрээр “бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох аливаа үйлдэл, мэдэгдэл хийхээс зайлсхийхийг” талуудад уриалж байгаа юм. Нөгөө талаас нэг талын шийдвэрээр Косовын тусгаар тогтнолыг зарласан нь хууль ёсны эсвэл хууль бус эсэхэд хариулахаас татгалзаж байна. Аливаа улс орныг хүлээн зөвшөөрөх эсэх нь “НҮБ-ын нарийн бичгийн газрын бус тухайн улсын мэдлийн хэрэг” хэмээн тэмдэглэжээ. Үүнийг асуудлыг хэлэлцэхээс зайлсхийх гэсэн оролдлого гэхээс өөр аргагүй. НҮБ үйл ажиллагааныхаа амаргүй үетэй тулгараад байна. Косовыг тойрсон асуудал хурцдаж байна. Косовог хүлээн зөвшөөрсөн АНУ, Франц, Турк улсад суугаа элчин сайд нарыг зөвлөлгөөнд дуудсан байна. Белград тус хязгаарын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>