Энэ сангийн бааз суурин дээр нөөцийн болон үндэсний сайн сайхан байдлыг хангах гэгч хоёр сан байгуулжээ. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өндөр байсны ачаар хэдэн жилийн турш Тогтворжуулах санд оруулсан хөрөнгө үр ашгаа өгч эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. Нөөцийн сангийн мөнгө нь эдийн засагт хямрал нүүрлэсэн тохиолдолд оросын санхүүгийн системийн “аюулгүй байдлын дэр” болох үүргээ урьдын адил гүйцэтгэнэ. Тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан Оросын тэтгэврийн сангийн хомсдлыг арилгахад хөрөнгийн зарим хэсгийг зориулна. Нөөцийн сан нь Тогтворжуулах сангийн үүргийг гүйцэтгээд зогсохгүй, хөрөнгийг нь Тогтворжуулах сангийнх шиг Оросын банкны валютын дансанд доллар, евро, фунт стерлингийн хүүтэй байрлуулах юм. Харин үндэсний сайн сайхан байдлыг хангах сангийн мөнгийг банкны хадгаламжаас илүү ашигтайгаар үнэт цаас, корпрацийн облигаци, гадаадын бусад санхүүгийн үнэт цаасанд хөрөнгө оруулна гэж Оросын шинжлэх ухаан академийн дэд ерөнхийлөгч Некипелов хэллээ. Тэр ярихдаа: «Үндэсний сайн сайхан байдлыг хангах сангийн мөнгийг миний бодлоор гадаадад валют зонхилдог санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад зөвхөн ашиглах ёстой. Учир нь дотоодод рублээр хөрөнгө оруулна гэдэг нэмж рубль гаргахтай ижилхэн үйл явц юм» гэлээ. Тогтворжуулах сангийн хөрөнгийг эдийн засгийн бодит салбарт хөрөнгө оруулах шаардлагатай тухайд өнөө хир маргаасаар байна. Энэ алхам нь оросын эдийн засагт инфляцийн дарамт шахалт болно гэж олон шинжээчид үзэж байгаа юм. Ялангуяа дэлхийн санхүүгийн систем АНУ-ын барьцаат зээлийн хямралаас ноцтой нэрвэгдээд энэ үед нилээд дарамт болно гэж үзэж байна. Харин Орос улс энэ тохиолдолд бүхий л боломжоо ашиглан эдийн засагт учрах сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тогтворжуулах сангийн бааз суурин дээр шинэ хоёр сан байгуулсан нь энэ алхамын нэг нь юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>