ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Дмитрий Медведевийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл улс орны эдийн засгийн болоод нийгмийн орчин дээшилнэ. Красноярскт Засгийн газрын нэгдүгээр орлогчийн хэлсэн үгийг шинжээчид ийнхүү тайлбарлаж байна. Сибирийн энэ хотод болсон эдийн засгийн форумд Орос улсын эдийн засгийн ойрын дөрвөн жилийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан юм. Эрх чөлөөгүй байснаас эрх чөлөөтэй байсан нь дээр зарчим улсын бодлогын үндэс нь байх ёстой гэж тэрээр хэлэв. Төрөөс явуулж буй бодлогын нэг үндэс нь хувийн өмчид хүндэтгэлтэй хандах явдал юм гэж Засгийн газрын дэд сайд тэмдэглэв. Юуны түрүүнд хулиа хүндэлж, нийтээр сахин биелүүлэх нь чухал гэж Д.Медведев хэллээ. Ойрын дөрвөн жил шүүх системийн хараат бус байдлыг хангах нь тэргүүн зэргийн зорилт хэмээн тэрээр тэмдэглэсэн байна. «Шүүх ажиллагаа явуулалгүй утсаар эсвэл мөнгөөр шийддэг заншлыг бид үндсээр нь халах хэрэгтэй. Үүний тулд олон нийт тэр дундаа шүүх байгууллага өөрөө хариуцлагатай, шийдвэртэй байх ёстой. Хоёрдугаарт шүүх байгууллагын хүнд суртал, шүүхээр шийдвэрлээгүйгээс байгууллага, иргэдэд учирсан хор хохирлыг барагдуулахад чиглэсэн системтэй арга хэмжээ боловсруулах» гэж Д.Медведев хэллээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч шинээр бизнес эрхлэх, мөн зөвшөөрөл авах зэрэгт шаардлагатай ихэнх журмыг өөрчлөх санал тавьсан байна. Татварыг бууруулж, татвар төлөх системийг хөнгөвчлөхөө илэрхийллээ. Авилгатай тэмцэх, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болохыг засгийн газрын нэгдүгээр орлогч тэмдэглэв. Д.Медведевийн төлөвлөгөө нийгмийн аль давхаргад чиглэснийг задлан шинжилбэл түүний хөтөлбөр юуны түрүүнд дунд давхаргад чиглэсэн байна. Засгийн газар татварын ачааллыг хөнгөлөх, засаг захиргааны саад тотгорыг багасгах зэрэг зорилтоо биелүүлбэл Орос улсад бизнес урьд байгаагүйгээр цэцэглэнэ. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилж, бодит орлого нэмэгдэнэ. Авилгыг бууруулж, хуулиа дээдлэн хүндэлбэл гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсыг улам сонирхоно.

 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>