АНУ хөлөг онгоцны “Ижис” цогцолборын “Стандарт СМ-3” пуужин амдан сөнөөгчөөр тагнуулын зориулалттай жагсаалаас гарсан хиймэл дагуулыг 3-р сарын эхээр устгах бодолтой байгаад Москва түгшиж байна. ОХУ-ын батлан хамгаалах яам энэ тухай мэдэгдлээ.АНУ буянтай ажил хийж байгаа мэт дүр эсгэн хиймэл дагуулын эсрэг зэвсгээ турших бодолтой байна гэж Москва үзэж байна. Энэ үйлдэл нь хиймэл дагуулын доторх эд ангийг нууцлах зорилготой байж болно. Цагаан ордон, Пентагон үүнийг үгүйсгэж, дэлхийн хүн амын эрүүл мэндэд санаа тавьсны үндсэн дээр ийм арга хэмжээ авах гэж байгаа гэж тайлбарлажээ. АНУ жинхэнэ санаа бодлоо халхавчлан тусгай заавар хүртэл гаргажээ. Сүйрсэн хиймэл дагуулын эд ангид хүрэхийг хориглож, унасан газрыг нь америкийн засаг захиргаанд тэр даруй мэдэгдэх заавар өгсөн байна. Энэхүү арга хэмжээ нь хиймэл дагуул устгах зэвсэг турших зорилготой биш бөгөөд 2007 онд өөрийнхөө хиймэл дагуулыг устгасан Хятадын үйлдлээс эрс ялгаатай гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгджээ. Энэ үйл явдлын өмнөх түүхийг мэдэж байгаа болохоор америкийн талын гаргасан нотолгоотой санал нийлэхэд төвөгтэй юм. Зөвхөн Орос улс ийм байр суурьтай байгаа юм биш ээ. Ерөнхийлөгч Бушийн засаг захиргааны нотолгоо итгэл төрүүлэхгүй байна гэж Вашингтоны Генри Стимсоны нэрэмжит төвийн захирал Майкл Крептоны үзэж байна. АНУ сансрын дайнд туршлага суухын тулд ослын хиймэл дагуулыг ашиглаж байна гэж тэрээр хэлжээ. Вашингтоны албан ёсны мэдэгдэлд хэн ч итгэхгүй байгаа, хөх инээд хүргэсэн нотолгоо гаргажээ хэмээн Их Британийн “Индепендент он санди” сонинд бичсэн байна. Сансрын бүх эринд олон хиймэл дагуул ямар ч ноцтой үр дагавар учруулалгүй дэлхийн тойрог замаас гарч байсан төдийгүй хиймэл дагуулыг хэзээ ч устгаж байгаагүй юм. АНУ төлөвлөж буй үйл ажиллагааныхаа талаар шаардлагатай бүх мэдээллийг өгөөгүй гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Далайн чанадад сансрын зэвсэг, дэлхийг хамарсан пуужингийн довтолгооноос хамгаалах систем бүтээх ажил сүүлийн үед идэвхжсэн. “Ижис” цогцолбор бүхий хөлөг онгоц ч ялгаагүй энэ системийн салшгүй хэсэг нь юм. Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах АНУ-ын хүчин чармайлт, төлөвлөгөөтэй энэ бүхэн маш энгийнээр уялдаж байна. Женевт болсон зэвсэг хураах асуудлаарх олон улсын бага хуралд Орос, Хятадын танилцуулсан сансрын уудмыг цэрэгжүүлэхээс сэргийлэх тухай төслийг Вашингтон хэдхэн хоногийн өмнө эсэргүүцсэн юм. Юуны түрүүнд Орос, Хятад болон бусад орноос цэрэг-стратегийн давуу талтай болохын тулд АНУ сансрын уудамд зэвсэглэллээр хөөцөлдөх шинэ эхлэлийн тавих бодолтой байгаа нь дээр дурдсан бүхэн баталж байна. Сансрын уудмыг цэрэгжүүлэхийг эрс эсэргүүцэж, шаардлагатай тохиолдолд зохих хариуг өгөхөөс аргагүй болохоо Москва нэг бус удаа мэдэгдсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>