Олон улсын эрчим хүчний аюулгүй байдал АНУ-ын улс төрийн зорилгын барьцаа болж байна. Америкийн засаг захиргаа Венесуэлийн засаг захиргаанд дарамт шахалт үзүүлсэн нь хоёр орны харилцаанд ноцтой хямрал үүсээд байна. Үүний хариуд Венесуэл АНУ-д нефть нийлүүлэхэд хориг тавьсан нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нөлөөллөө. Иран нефтийн төлбөр тооцоог доллароор хийхээс татгалзсан нь нефтийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. Иран дотоодын бирж дээр нефтийг еврогоор худалдахаар зэхэж байна. Нефтийн төлбөр тооцоог доллароор хийдэг дэлхийн нийтийн загварт анхны цохилт болох нь гарцаагүй. Вашингтоны Тегераны талаар баримталж буй улс төрийн бодлогын улмаас америкийн компаниуд тус улсын бирж дээр урилгагүй зочид байна. Венесуэлийн жишээг дурдахад хангалттай. Венесуэлийн улсын нефтийн томоохон компани америкийн Эксон Мобайл компанид нефть нийлүүлэхээ зогсоох тухайгаа зарласан юм. Венесуэл нефтийн орд газрыг улсынх болгоод шинэ нөхцлөөр олборлолт хийхийг америкийн компанид санал болгосон юм. Эксон Мобайл энэ саналаас татгалзаад зогсохгүй Венесуэлийн 36 тэрбум долларын олон улсын хөрөнгийг битүүмжлэх санал гаргажээ. Венесуэл энэ алхамыг улс орны байдлыг тогтворгүй болгох алхам гэж үзээд, АНУ-ын эсрэг нефтийн хориг арга хэмжээ авсан юм. Энэ үйл явдал нь Вашингтон, Каракасын харилцааны эртнээс үүдэлтэй зөрчлийн үр дагавар юм гэж Латин америкийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Петр Яковлев үзэж байна. «Сая болсон үйл явдал нь хоёр орны харилцаа хурцадмал байдалд орсны үр дагавар юм. Уго Чавесийн засгийн газрын тухайд Вашингтон эртнээс улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй байгаа билээ. Америкийн нефтийн монополь цагтаа венесуэлийн зах зээлд маш баттай байршиж байсан. Энэ харилцаа АНУ-ын ашиг сонирхол Венесуэлд зонхилохоос өгсүүлээд Каракас хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж, бие даасан гадаад эдийн засаг, улс төрийн бодлого явуулах зэрэг илүү шийдвэртэй алхам хийх хүртэл хүнд замыг туулсан» гэж Петр Яковлев тэмдэглэв. Венесуэл нефтийг нь боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаар Индонез, Хятад, Иран, Сирийн удирдлагуудтай тохиролцсон. Одоогоор зөвхөн АНУ-ын компани үйлдвэрлэл явуулж байна. Венесуэлд нефтийн экспортоо төрөлжүүлэх боломж олгохгүйн тулд Вашингтон улс төрийн бүхий л боломжоо ашиглахыг оролдож байгаа нь гарцаагүй. Эрчим хүчний эх үүсвэрийн дэлхийн зах зээлд шинээр байр суурь эзлэх боломжоос Индонез, Хятад, Иран, Сири зэрэг улс татгалзахгүй л болов уу. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нөлөөлж буй АНУ, Венесуэлийн хоорондын ээлжит “мэдрэлийн дайн”дэлхийн зах зээлийн байдалд хүнд тусч байна. Энэ нь томоохон гүрний улс төрийн зорилгын барьцаа болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>