Өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийм асуултыг олонтаа тавьдаг. Вильнюст саяхан болсон тус эвслийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтаас НАТО сүүлийн 10 жил нүсэр, удирдахад төвөгтэй болсныг харууллаа. Жаран жилийн тэртээ хүйтэн дайны үзэл санааг үндэслэсэн Уинстон Черчилийн үг НАТО-г байгуулахад түлхэц болсон юм. Баруун европыг ЗХУ-аас хамгаалж, дэлхийн 3-р дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхэд гол зорилго оршиж байв. Зөвлөлтийн эвсэл 1990-ээд оноос орших байхаа больсон. Өөрөөр хэлбэл Умард Атлантын эвсэл гол дайснаасаа ангижирсан ч, одоо оршин тогтносоор л байна. Америкийн нөлөө бүхий “Лос Анжелес Таймс” сонины “НАТО жаргах” нийтлэлд тус эвсэл оршин байх ёстойг зөвтгөх шалтгаан нь бие даасан салбар болон өөрчлөгдсөн тухай өгүүлжээ. Арми хумигдаж, харин шинэ зорилт гурилын хөрөнгө шиг өсөн нэмэгдэж байв. Энэ зорилтын хүрээнд НАТО-г өргөжүүлж байна. НАТО-ийн гишүүн орны тоо анх 12 байсан бол өдгөө 26 болж нэмэгджээ. Тус эвсэл хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт эзэгнэж байна. Одоо энэ эвслийн хаалгыг Гүрж, Украин тогшиж байна. НАТО өргөжсөнөөр өөрийгөө хамгаалах бодит боломжоо алдаж байна гэж дээрх нийтлэлийн зохиогч, Бостоны их сургуулийн профессор Эндрю Басевич дүгнэжээ. Магадгүй түүний зөв байж ч болох, Европын асар уудам нутаг дэвсгэрт бэхжих гэсэн эрмэлзлэл нь өөр хандлагатай юм. Өрнөдөд үүнийг дэлгэрүүлэх дургүй байдаг. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин украины ерөнхийлөгч Виктор Ющенкотой уулзахдаа энэ талаар шууд хэлсэн юм. «Энэ эвсэлд нэгдсэнээр улс орны тусгаар тогтнолыг хязгаарлана гэсэн үг. Хэрэв Украин өөрийн тусгаар тогтнолоо хязгаарлахад бэлэн байгаа бол энэ нь Украины дотоод хэрэг юм. Улс орны аюулгүй байдлын зарчмыг боловсруулах стратегийг тодорхойлох тухайд ч ялгаагүй. Бид энэ үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй, тийм эрх ч байхгүй. Тусгаар тогтнолыг ийнхүү хязгаарласнаар бодит амьдралд тодорхой үр дагавар гаргаж байгаад бид анхаарал хандуулж байна» гэлээ. Вашингтон холбоотнуудаа дэлхий дахинаа дэг журам тогтоож, хуулийг хэрэгжүүлэхэд дэмжиж буй хэт гүрний цагдаагийн даргад тусалдаг цагдаагийн хэсэг мэт үзэж байна гэж “Лос Анжелес Таймс” сонинд бичжээ. Энэ нь гарцаагүй оросын эсрэг чиглэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн бүрэлдэхүүн, мөн цэргийн бааз зэргийг тэдний нутаг дэвсгэрт байрлуулж, байгуулах эрмэлзлэлтэй хамаатай юм. Афганистанд явуулж байгаа байлдааны ажиллагааны бүх ачааг АНУ, Канад, Их Британийн нуруунаас авч, арай жижиг холбоотнуудад үүрүүлэх гэсэн оролдлого юм. Террорзмын эсрэг дэлхий нийтээр тэмцэл хийж байгаад хэн ч маргахгүй. Гэхдээ олонх нь эв нэгдлийн тухай тунхаглаллаар хязгаарлагдаж байна. НАТО-ийн эмх замбараагүй байдал, хагарлын тухай Испанийн “Ла Стампа” сонинд бичсэн нийтлэл үүнийг баталж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>