Foto  http://www.museum.ru“Туйлын ан агнуурын ертөнц: танин мэдэхүйн алхам” Москва хотын улсын дорнын музейд ийм нэртэй үзэсгэлэн гарчээ. Музейн танхим хойд хязгаарын эртний түүхийн өнөө хүртэл үл мэдэгдэх хуудсыг үзэгчдэд нээлээ. Хүмүүс үзэсгэлэнг их сонирхож байсан болохоор хугацааг нь сунгахаар болжээ. Дорнын музейн археологийн экспидицийнхэн Чукотод 20 жил хийсэн археологийн судалгаагаа 2007 онд дуусгаж, 600 үзмэртэй тус үзэсгэлэнг гаргасан байна. Далайн морины соёо, бугын эвэр, чулуу, мод, халим загасны сахал, шавар эдлэл зэргийг Берингийн хоолой, Чукотын тэнгисийн эрэг орчимд хийсэн археологийн малтлагын үеэр олсон байна. Ихэнх олдвор нь 1500 жилийн настай. Ихэнх олдвор нь балар эртний урлагийн жинхэнэ шилдэг бүтээл байгаа юм. Энэ бүхэн Чукотод 2 мянган жилийн тэртээ туйлын хүчирхэг иргэншил байсныг баталж байна. Томоохон эрдэмтэн археологич Сергей Арутюновын үзэж байгаагаар “үл мэдэгдэх туйлын иргэншил” нь түүх-соёлын ер бусын үзэгдлийг агуулж байдаг байна. Өнөөгийн чукча, эскимосчуудын өвөг Чукотын эрэг орчмын оршин суугчид туйлын эрс тэрс нөхцөлд маш сайн дасан зохицдог байжээ. Тэдний ахуй, хөдөлмөрийн хэрэгсэл, ангийн буугийн зэвсэг зэрэг нь ан агнах, загас голдуу барьдаг байсныг гэрчилж байна. Цаг агаарын хатуу ширүүн уур амьсгалтай нутгийн оршин суугчид урцаа амьтны тос өөхөөр дулаацуулж, хав загасын арьсаар ус нэвтэрдэггүй хувцас оёдог байжээ. Чукотын эртний оршин суугчдын ахуй амьдрал ертөнцийн хойд хязгаарын амьтан, байгаль, хүнд хамгийн таагүй цаг уурын нөхцөлд амьд үлдэхийн төлөө тэмцэл зэрэгтэй салшгүй холбоотой юм. Үзэсгэлэний бие даасан нэг хэсэгт туйлын ан агнуурын амьдралд итгэл үнэмшил домогтой холбоотой дүрслэх урлаг ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг харуулна. Эртний Чукотын тэнгисийн анчид ертөнцөөс тасархай байгаагүй гэж археологичид үзэж байна. Эртний эскимос сийлбэрчид Амар орчмын, өмнөд Сибирийн дүрслэх урлагийн уламжлалыг мэддэг байсан нь тэдний далайн морины ясаар хийсэн бүтээл баталж байна. Төв болон зүүн Ази, америкийн индианчуудын уран сайхны соёлын шинж тэмдэг тэдний бүтээлд тусгагдсан байдаг юм. Үзэсгэлэнд археологийн ажлын үеэр авсан зургууд, нэрд гарсан мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний нийтлэл, тайлбарыг орос, англи хэлээр тавьжээ.

Орчуулагч Г.Нарангарав