ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2020 он хүртлэх улс орны хөгжлийн стратегийг тодорхойллоо. Ерөнхийлөгч Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, хөгжлийн инновацийн замаар шинэ чанартай амьдралын түвшинд шилжих зорилтыг тодорхойллоо. Бүх нийтийн хүч чармайлтыг бэхжүүлсний дүнд Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх боломжтой гэж В.Путин үзэж байна. Тэр хэлэхдээ: «Улс орныг гадаадын хямралаас хамгаалж, ирээдүйд нийгмийн үүргийг баталгаатай биелүүлэх санхүүгийн нилээд нөөцийг бүрдүүлсэн. Улс орны санхүүгийн бие даасан байдал, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангасан. Хүмүүсийн бодит орлого 8 жилд 2,5 дахин нэмэгдсэн. Тэтгэвэр ч ялгаагүй 2,5 дахин нэмэгдсэн байгаа. Өнгөрсөн жил сүүлийн 25 жилд хамгийн олон хүүхэд төрсөн тухай төрийн тэргүүн тэмдэглэллээ. Чинээлэг Орос улс ядуу ард түмэнтэй улс орон болон өөрчлөгдсөн үед ерөнхийлөгч болсноо В.Путин хэллээ. Гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа тохиолдолд улс орныг сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёсгүй болохыг ойлгон, улс орныг цогцлуулж, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тэр үед эхлүүлснийг тэмдэглэллээ. Орос улсын бүх нутаг дэвсгэрт үндсэн журмыг сэргээхээс ажлаа эхэлсэн. Үүний дүнд салан тусгаарлах үзэл дарагдаж, терроризмд мөхлийн цохилт өгсөн. Гэхдээ улс орны нэгдсэн эрх зүйн орон зайг сэргээхэд тухайлбал төв болон орон нутгийн байгууллагын хооронд бүрэн эрхийг хуваарилах тухайд хийх зүйл их байна. Хамгийн гол нь зөв чиглэлийг тодорхойлсон гэж В.Путин тэмдэглэллээ. Төрийн тэргүүн үг хэлэхдээ, улс орны олон нийтийн бүх хүчнийг энгийн гэхдээ амьдралын гол зарчмаар буюу Орос улс болоод ард иргэд, үндэсний ашиг сонирхолд хор хохирол учруулах бус харин ОХУ-ын иргэн бүрийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө ажиллахыг уриаллаа. Намын зөрчил хурцадмал байсан ч, үүнээс болж улс орныг эмх замбараагүй байдлын ирмэгт хүргэж болохгүй. Ийм оролдлого нь оросын ард түмний нэр төрийг унагаж, ардчиллыг сулруулна. Орос улсын улс төрийн систем нь үндэсний улс төрийн соёлд нийцэхээс гадна үүнтэй зэрэгцэн хөгжих ёстой. Тэгснээр нэгэн зэрэг уян хатан, тогтвортой байна гэдэгт В.Путин итгэлтэй байна.
Улам хүнд, хатуу ширүүн болж байгаа өнөөгийн ертөнцөд Орос улсын дэлхийн ямар ч асуудлыг шийдэхэд найдвартай түнш хэвээр байх бодолтой байна гэж В.Путин тэмдэглэлээ. ОХУ-ын төрийн тэргүүн улс орны ойрын 12 жилийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар үг хэлэхдээ өрнөдийн орнуудын Орос улсын талаар барьж байгаа “дарах бодлого” гэгч нь үнэн хэрэг дээрээ манай улсад шударга бус өрсөлдөөнийг тулгаж, байгалийн нөөцийг хүртэх гэсэн оролдлого юм. «Өнөө үед ертөнц улам хүнд, хатуу ширүүн болж байна. Чөлөөт нээлттэй нийгэм гэсэн хүчтэй уриан дор бүхэл бүтэн бүс нутаг, улс орны тусгаар тогтнолыг устгаж, дэлхийн янз бүрийн эдийн засагт хөрөнгө оруулж, чөлөөт худалдааг дэмжих гэсэн хоосон үгээр халхавчлан гаалиар ивээх бодлогыг улам чангалж, нөөцийн төлөөх тэмцэл дэлгэрч байна. Гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа, олон зөрчлөөс нефть, хий ханхалж байна гэж В.Путин мэдэгджээ. Ийм тохиолдолд самуурч хэрхэвч болохгүй гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Орос улсыг тэгш эрхтэй түнш хэмээн хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа хүмүүс шинээр зэвсэглэллээр хөөцөлдөж байна. Нилээд хөгжингүй орнууд технологийн давуу талдаа дулдуйдан дараагийн үеийн батлан хамгаалах болон давшилтын системд олон тэрбум долларын хөрөнгө хаяж байна. Орос улс үүний хариуд өрнөдийн ижил төстэй зэвсгийг бодвол техникийн үзүүлэлтээр давж гарах шинэ төрлийн зэвсэг үйлдвэрлэнэ гэж В.Путин хэлэв. Ийм зэвсэг үйлдвэрлэх зардал нь улс орны эдийн засгийн боломжид нийцэх болно. Орос улс чинээлэг, өөрийгөө тэтгэх чадалтай орон гэж В.Путин Кремльд үндэсний эрх баригчдын өмнө хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Бид хэн нэгнээс юу ч булаах бодолгүй байна. Бас тусгаарлах ч бодолгүй байна. Гэхдээ бие даасан прагматик, хариуцлагатай бодлогоор “найдвартай, сайн хөршийн түншлэл олон улсын нэр хүнд”-ээ баттай бэхжүүлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>