ОХУ-ын сонгуулийн төв комисс ням гаригт ийм шийдвэр гаргав. Тус комисс ерөнхий сайд асан Михаил Касьяновыг ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар бүртгэж авахаас татгалзсан байна.
Н: Түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн гарын үсгүүдийн ихэнх нь хуурамч байсан учраас нэр дэвшигчийн хувиар бүртгэхээс татгалзсан гэж Сонгуулийн төв хорооны гишүүн Эльвира Ермакова ярив.
Нэр дэвшигч Михаил Касьянов Сонгуулийн төв комисст 80 мянга 261 хуурамч гарын үсэг цуглуулсныг хоёр удаагийн шалгалтаар тогтоожээ. Нэр дэвшигчийг дэмжсэн гарын үсгийн 5 хувь хүчингүй болохыг хуулиар зөвшөөрдөг. Түүний цуглуулсан гарын үсгийн 13 гаруй хувь нь хуурамч байсан байна. Хамгийн гол нь баримтанд гарын үсэг цуглуулсан хүмүүсийн жагсаалт байгаагүй аж. Өөрөөр хэлбэл энэ бүх ажлыг хариуцсан хүний нэрс байгаагүй гэж Эльвира Ермакова тэмдэглэжээ.
Михаил Касьяновыг ерөнхийлөгчөд нэр дэвшигчийн хувиар бүртгэхээс татгалзсаныг урьдаас бүрэн хэлж болох байсан гэж оросын улс төрч үзэж байна. Тэрээр дэмжигчдийнхээ гарын үсэг бүхий баримтыг Сонгуулийн төв комисст өгөхөд Оросын хэд хэдэн бүс нутагт гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь илэрчээ. Касьяновын штаб сонгогчдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдуулан прокурор эрүүгийн хоёр хэрэг үүсгэсэн байна.
Касьяновыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиар бүртгэхээс татгалзсан нь сонгуулийн кампанит ажлын явцад нөлөөлөхгүй гэж ажиглагчид үзэж байна. Социологийн судалгаагаар түүнийг дэмжигчдийн тоо 1 гаруй хувь байгаа юм.
Сонгуулийн төв комисс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн төгсгөлийн жагсаалтыг баталлаа. Төрийн тэргүүний дээд албан тушаалд “Нэгдсэн Орос улс” намаас Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Медведев, Либераль-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, коммунист намын тэргүүн Геннадий Зюганов, Ардчилсан намын удирдагч Андрей Богданов нар нэр дэвшжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход 2 гаруйхан сар үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид телевизийн цагийг хуваарилах сугалааг ойрын мягмар гаригт явуулна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>