Буриадын ерөнхийлөгч айлчлалын талаар ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Та бүхний анхаарлыг үүнд хандуулъяа.
Монгол Улс-Буриадын бараа эргэлт жилд 39 сая доллар байгаад хоёр тал сэтгэл хангалуун бус байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч орос-монголын бараа эргэлтийг 1 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан байхад ийм үзүүлэлт хангалтгүй. Хоёр өдрийн айлчлалын хүрээнд аж үйлдвэр, эрчим хүч, барилга, тээвэр, аж үйлдвэр, экологи, хүмүүнлэгийн салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэх тодорхой алхам хийх тухай протоколд гарын үсэг зурсан.
Яриа хэлэлцээний уур амьсгал ямар байв?
Ажил хэргийн хэмээн товч хэлмээр байна. Буриадын төлөөлөгчид 12-р сард Улаанбатар хотод болсон Монгол-Оросын ажил хэргийн чуулганд оролцоод одоо Монгол Улсад ийнхүү айлчиллаа. Айлчлалын бэлтгэл ажлыг нарийн хангасан. Буриадын бүгд найрамдах улсын хамтын ажиллагааны санал бүхий протоколын төсөл боловсруулсан. Буриадын засаг захиргаа хоёр өдрийн турш монголын ажил нэгт нөхөдтэй 12 удаа уулзалт хийлээ.
Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, ерөнхий сайд Санжийн Баяр нар Буриадын засаг захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны 12-р сард ОХУ-д айлчлах үеэр баталсан Москвагийн тунхаглалын хамтын ажиллагааны үндсэн бүх чиглэлээр гэрээ байгуулсан.
Хамгийн чухал ямар гэрээ байгуулсан бэ?
Гарын үсэг зурсан бүх баримт бичиг чухал. Тухайлбал “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн хөдлөх бүрэлдэхүүнийг Улаан-Үдийн илчит, галт тэрэгний засварын үйлдвэрт засварлахаар тус компанийн удирдлагатай тохиролцлоо. Энэ үйлдвэр орос-монголын хилээс хэдэн зуун километрийн зайд оршдог юм. “Улаанбаатар төмөр зам” ХХК энэ захиалгын ажлаа өнөө хир төв Азийн нутгаас хол орших Украинд хийлгэдэг байсан.
Монгол Улс, мөн Буриадын Хүнс хөдөө аж ахуйн яам Монгол улсаас ОХУ-д амьд мал нийлүүлэх хамтын ажиллагаагаа сэргээнэ. Эхний шатанд 70 мянган хонь, бод, цөөн тооны сарлаг, адуу нийлүүлнэ. Буриадын мах боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бууруулахад энэ нь чухал ач холбогдолтой юм. “Улаан-Удэстальмост” үйлдвэрийн гүүрийн бүтээцийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зам барилгад нийлүүлэхээр тохиролцсон нь бас чухал гэрээ байсан. Юуны түрүүнд “Мянганы замын” гол хэсгийг тавина.
Мэдээж хэрэг “Улаан-Удэстальмост” үйлдвэр бусад байгууллагын адилаар энэ захиалгыг авахын тулд тендерт тэгш эрхтэй оролцоно. Тус үйлдвэр газар зүйн хувьд барилгын ажилд ойр байгаа нэг давуу талтай юм. Жилд 36 мянган тонн металл бүтээц үйлдвэрлэж, ЗХУ байх үеийн үйлдвэрлэлийн хэмжээнд дөхөөд байгаа тус үйлдвэр хилийн хамтын ажиллагааг хөгжүүлсний дүнд үйлдвэрлэлийнхээ хэмжээг 50 мянган тоннд хүргэнэ гэж найдаж байна. Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрийн “Миля” загварын нисдэг тэргийг хөрш оронд нийлүүлэх тухай заалтыг Улаанбаатар хотод гарын үсэг зурсан баримт бичигт тусгасан байгаа.
Хөрш орны “100 мянган орон сууц” улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Буриадын компанийг оролцохыг монголын тал санал болгосон нь багагүй сонирхол татаж байна. Буриадын барилгын компаниуд Монгол Улсад барилга барихад өөрсдийг бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Монгол, оросын барилгын салбарынхны хооронд гүүр болох жуулчлалын компанийг Буриадад байгуулж ч болох юм.
Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Буриадын бүгд найрамдах улсын танилцуулгыг монголын бизнес эрхлэгчид өндөр үнэлснийг энд тэмдэглэх нь зүйтэй. Бага, дунд бизнес эрхлэгчид нийт дүнгээр 175 сая рублийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайлбал Буриадын хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх гэрээ байгуулсан.
Тээврийн үр нөлөөтэй дэд бүтэц байгуулахгүйгээр хил орчмын харилцааг хөгжүүлэх аргагүй…
Европоос зүүн хойд Ази хүртэл үргэлжлэх тээврийн хонгилыг бодвол “Наушк”, “Хиагт”, Улаанбаатар цааш БНХАУ-ын Эрээн, Бээжин байцаан дамжин өнгөрүүлэх хүртэл илүү дөт тээврийн хонгил байгуулж, эдийн засгаа мэдэгдэхүйц хөгжүүлэх сайхан боломж Буриад, Монгол Улсад байна.
Бид энэ чиглэлд хамтран ажиллана. Энэ оны намар хамтын хүчээр Улаан-Үд болон Улаанбаатарын хооронд тогтмол нислэгтэй болох бодолтой байна
Энэ асуудлыг өөр нэг тал нь байцаан өнгөрүүлэх цэгийн ажил юм. Буриадын засаг захиргаа өдрийн цагаар ажиллаж байгаа “Хиагт-Алтан-булаг” олон улсын автомашины байцаан өнгөрүүлэх цэгийг 24 цаг ажилладаг болгох талаар улсын хэмжээнд нөлөөлөх ажлаа үргэлжлүүлж байна. Байцаан өнгөрүүлэх цэгийн үйл ажиллагаанд монголын тал сэтгэл дундуур байгаа юм. Ялангуяа тус цэгийн ажилтнуудын ёс зүйн тухайд. Үүнээс гадна “Желутра /ОХУ/- Зэлтэр /Монгол Улс/” байцаан өнгөрүүлэх цэгийн үйл ажиллагааг сэргээх, “Монды /ОХУ/-Ханх/Монгол Улс/” байцаан өнгөрүүлэх цэгт орчин үеийн гарц барьж байгуулах, хил дээр байцаан өнгөрөх хэд хэдэн цэгийг түр хугацаагаар нээх шаардлагатай байна.
Хилийн хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа өөр бэрхшээлтэй асуудал бий юу?
Үнэн хэрэг дээрээ тийм ч их биш. Орос-монголын хилд визгүй зорчих журам тогтоох шаардлага хэдийн бий болсон. Миний мэдэхийн энэ асуудлыг хоёр орны засгийн түвшинд хэлэлцэж байгаа.
Хоёр тал хамтран ажиллах сонирхолтой тохиолдолд тулгамдсан асуудлыг амжилттай шийдэж болохыг амьдрал харуулж байна. Хоёр талд ийм сонирхол бий. Буриадын засаг захиргааны албаны ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 40 хүн орсон. Тус бүгд найрамдах улсын 70 байгууллага Улаанбаатар хотод өөрсдийнхөө хүслээр ирсэн. Монголын бизнес эрхлэгчид 3-р сард Буриадад ирнэ. Буриад болон Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын ивээлээр ажил хэргийн хүмүүсийн ээлжит уулзалтыг зохионо. Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид 4-р сард Буриадад айлчлахад бизнес эрхлэгчдийн энэ уулзалт эхлэл болно. Улаанбаатар хотод гарын үсэг зурсан баримт бичгийн эхний дүнг гаргаж, шаардлагатай бол нэмэлт зүйл оруулахаар бид тохиролцсон.
Улаанбаатар хотод ямар хэлээр яриа хэлэлцээ хийсэн бэ?
Орос хэлээр. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Засгийн газрын бүх гишүүн, мөн ахмад үеийн олонх нь оросоор чөлөөтэй ярьдаг. Аймгуудад орос хэл заадаг анги, сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэхээр бид түншүүддээ амласан. Мөн шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах хэд хэдэн чиглэлийг боловсруулсан. Хэл үүнд саад болохгүй гэж бодож байна.
Яриа хэлэлцээг та хэрхэн дүгнэж байна вэ?
Улаанбаатар хотод гарын үсэг зурсан протоколоор Монгол, Буриадын ажил хэргийн хүрээнийхэнд бизнесийн ашиг сонирхолын хамгийн өргөн хүрээтэй салбарт харилцан ашигтай харилцаа тогтоох бодит боломж олгож байна. Хилийн харилцаанд нааштай түлхэц болно гэж бид найдаж байгаа. Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын засаг захиргааны нэгж Буриад нь Монгол улстай ижил шашин, соёлын уламжлалтай болохоор монголын бизнесийг Оросын зах зээлд гаргах өөрийн гэсэн онцлогтой гүүр болох ёстой юм.
Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговитцинтай ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг хүргэлээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>