2008 онд энэ төслийг хэрхэн хөгжүүлэх талаар Сахалин мужийн захирагч Александр Хорошавин “Оросын дуу хоолой” радиод жич ярилцлага өгөв.
2008 он бидний хувьд хийгж гүйцэтгэх ажил арвин жил байна. Сахалин мужийн Думын сонгууль 3-р сард болно. Хамгийн гол нь системийг бүрдүүлээд, ажиллуулах хэрэгтэй. Зорилтоо тодорхойлсон. Юуны түрүүнд Сахалин мужийг 2020 он хүртэл хөгжүүлэх эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. “Сахалин-1”, “Сахалин-2” төслийг хэрэгжүүлснээр Сахалины эрчим хүчний нөөц бааз дуусахгүй. “Сахалин-2” төслийн олонх хувьцаа эзэмшигч нь Газпром компани бөгөөд энэ нь Сахалины нөөцийн ердөө 9 хувь нь юм. Энэ төсөлд 2008 онд 2 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. 2008 оны сүүлээр хийн хоолойн барилгын ажлыг дуусгаж, шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус үйлдвэр гэрээ байгуулсан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлнэ. Нэг тэрбум 200 сая долларын хөрөнгө оруулалт бүхий “Сахалин-1” төслийн хүрээнд 10 гаруй сая тонн нефть, 1,5 тэрбум шоо метр хий олборлоно гэж мужийн захирагч Хорошавин ярьж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт бүхий Оросын томоохон төслүүдийн нэг “Сахалин-1” төсөлд олон улсын консорциум өнөөгийн байдлаар 6 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулжээ. “Эксон” компани төслийн гүйцэтгэгчээр ажиллана. Тус компаниас гадна орос улсын 2 компани, энэтхэг, японы компани оролцоно.
Бүтээгдэхүүнийг хуваах тухай хэлэлцээрийн үндсэн дээр “Сахалин-1” төслийг олон улсын консорциум хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 2005 онд нүүрс ус төрөгчийг олборлож эхэлжээ. Оросын Алс Дорнодын дотоодын зах зээлд нефть, хий нийлүүлж байна. “Сахалин-1” төслийн ордоос өнгөрсөн жил Хабаровскийн хязгаарын Де-Кастри тосгон хүртэл нефть агуулахаас нефть экспортолж эхэлжээ. Нефть экспортлох агуулах нь олон улсын зах зээлд 24 цагийн турш нефть нийлүүлэх бүрэн хүчин чадалтай. Агуулахад нефть хадгалах 100 мянган шоо метр багтаамжтай хоёр резервуар байрладаг. Нефть тээвэрлэхэд хоёр корпус бүхий “афрамакс” ангиллын шатахууны онгоц байна.
Сахалины эрэг орчмын усан доорх орд газрын хөгжлийн хэтийн төлөв одоогоор түүхий эд олборлож эхэлсэн “Сахалин-1”, “Сахалин-2” төсөлөөр хязгаарлагдахгүй. “Сахалин-3”, “Сахалин-4,5” төслүүд ч ялгаагүй дэлхийн түвшний төсөл болох бүрэн боломжтой гэж Сахалин мужийн захирагч Хорошавин хэллээ.
“Сахалин-3” нефтьхийн төсөл 2008 онд хамгийн хэтийн төлөвтэй байна. “Сахалин-3” төсөлд 4 блок багтдаг. Тэдний нэг нь хийн Киринскийн блок юм. Үүнийг Оросын стратегийн орд газрын жагсаалтад оруулсан. Энд зөвхөн оросын компаниуд ажиллана. “Сахалин-3” төслийн нэг блокод одоогийн байдлаар газар хөдлөлтийн судалгааны ажил хийгдэж байна. Сахалины эрэг орчмын усан доорх орд газрыг эзэмших түүхэнд Хятадын нефть химийн “Синопэкс” корпораци хөрөнгө оруулагчийн хувиар анх удаа оролцож байна. Тус компани 25,1 хувийг эзэмшдэг. “Сахалины нефтийн компани” мөн хэмжээний хувь эзэмшдэг. Харин “Роснефть” компани 49,8 хувийг эзэмшдэг байна. “Синопэкс” компани “Роснефть” компанитай хамтран геологийн судалгааны ажил явуулж байна. Хятадын нефть химийн компанид орчин үеийн технологи бий. Бид бие биенийхээ туршлагыг ашиглаж, хамтан ажиллаж байна гэж мужийн захирагч тэмдэглэв.
Сахалин мужид өнгөрсөн жил БНХАУ, Япон, АНУ, БНСУ зэрэг бусад орны 40 орчим төлөөлөгч иржээ. Мөн Австрали, Нидерландын вант улс, БНСУ-ын элчин сайд нар энд албан ёсны айлчлал хийв. Орос улсад Хятадын жилийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Сахалин муж улсын төлөөлөгчид Хятадын Хэйлунцян мужид болсон худалдаа эдийн засгийн олон улсын ярмаг худалдаанд оролцсон байна. Харбин, Шанхай хотод орон сууц, зочид буудлын бизнес, тоосгоны үйлдвэр, нүүрс олборлолт, ой мод болон мод боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан байна. Энэ бүхэн Сахалиныг асар их сонирхож байгаагийн илрэл юм гэж тус мужийн гадаад эдийн засаг болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Вадим Рокотов үзэж байна.
Манайд нүүрс ус төрөгч төдийгүй 600 жил хүрэлцэх асар их нүүрсний нөөц бий. Сахалины нүүрсний худалдан авагч орны нэг нь Хятад улс юм. Хятад улсад нүүрсний худалдаагаа өргөжүүлэхэд Сахалин арлын гүнийн усны боомт шаардлагатай байна.Сахалин мужийг 2020 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл ийм боомт бий болно. Сахалин арал байгалийн асар их нөөцтэй. Сахалин аралд үйл ажиллагаа явуулах олон улсын түншүүдэд манай үүд хаалга нээлттэй гэж олон улсын, гадаад эдийн засаг болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Рокотов төгсгөлд нь хэлсэн байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>