Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Евразийн визгүй бүс байгуулснаар ЗХУ задарсны дараах орон зайд интеграцчлалын үйл явцад хүчтэй түлхэц болно гэж Николай Бордюжи тэмдэглэв.
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд төв Азийн орнуудын хилээр иргэд чөлөөтэй зорчиж, бараа болон үйлчилгээг ямар нэг саад тотгогүй нэвтрүүлэх талаар төлөвлөгөө бидэнд бий. Хэрэв бид Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд буурьтай хандавал европчүүдийн хэрэгжүүлсэн шиг евразийн “Шенген” байгуулах боломжтой. Үүний тулд улс төрийн шийдвэр шаардлагатай. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага өнгөрсөн жил энэ хоёр байгууллагын гишүүн орны төрийн тэргүүн нарт ийм санал тавьсан юм. Тэд ийм бүс байгуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн гэж Николай Бордюжа хэллээ.
Хоёр байгууллагын орон зай бараг давхцаж байна. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг Арменийг оролцуулалгүй дээрх орнуудыг нэгтгэдэг юм. Бүс нутгийн эдийн засгийн хөгжил, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад тэд хамтарсан хариуцлага хүлээж, нэг сонирхолтой байдаг. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны төрийн тэргүүн нарын түвшинд энэ асуудлыг ойрын хугацаанд зөвлөлдөх тухай Николай Бордюжа хэллээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>