Ойн арга хэмжээний өмнө олон нийтийн энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа хүмүүсийн тухай та бүхэнд хүргэнэ. Тэдний нэг оросын нэрд гарсан зураач, Москвагийн нэхмэлийн хүрээлэнгийн профессор Жаид Жемалийн тухай өгүүлнэ. Тэрээр өнгөрсөн зууны 70-аад оны эхээр Монгол анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн болж, энэ байгууллагын удирдах бүрэлдэхүүнд нэг бус удаа сонгогдож байсан. Өнгөрсөн оны сүүлээр болсон тус байгууллагын тайлант сонгуулийн 4-р бага хурлын үеэр Жаид Жемалийг удирдах бүрэлдэхүүний гишүүнээр дахин сонгожээ.
Жаид Жемаль 1960-аад оны эхээр Монгол Улстай танилцсан байна. Залуу зураачийг тухайн үед Улаанбаатар хотын Багшийн дээд сургуульд ажиллахыг урьжээ. Тэрээр зураасан зургийн урлагийн факультетад багшлахдаа уран зураг, зургийн хичээл зааж, дипломын ажил удирдаж байжээ. Жаид Жемаль ийнхүү ярьж байна:
Би 1963 оноос эхлэн Монголд ажиллаж, амьдарч байсан. Дараа нь миний амьдрал тэр чигтээ энэ улстай холбогдсон. Монголд л зураач, багш болох ажлын дөртэй болсон. Монголын урлаг, амьдрал ахуй нь миний бүтээлд ихээхэн нөлөөлсөн. Лекц эхлэхийн өмнө өглөө эртлэн босч, зургийн хэрэгслэлээ аваад Улаанбаатар хотын захад очоод, хотын хуучин хороолол, хотынхны амьдралын сэдвээр зураг зурдаг байсан. Би 1967 онд Өмнөговьд очиход, Монголын юутай ч харьцуулашгүй гайхалтай байгалийг харсан. Их эрдэмтэн Рерихийн сэтгэлийг хөдөлгөсөн учрыг тэгэхэд л ойлгосон юм. Тэр үед л би байгалийн зураг зурж эхэлсэн.
Жаид Жемаль Монголд амьдрахдаа олон анд нөхөдтэй болсон юм. Тэрээр академич Ринчинтэй танил байсан бөгөөд түүний хөргийг нэг бус удаа зурж байжээ. Мөн 1960-аад оны монголын нэрд гарсан олон зураач, мөн яруу найрагч Чимид, академич Дамидансүрэн нарыг мэддэг байсан юм. Жемаль тэдний олонхийн хөргийг зуржээ. 
Монголд томилолтоор ажиллаад нутаг буцсан хойноо Жаид Жемаль зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монгол улсад нэг бус удаа зочилсон байна. Монголд гаргасан түүний уран зургийн үзэсгэлэнг монгол үзэгчид их сонирхожээ. Монголд ардчиллын үр боловсорч, шинэ үеийн салхи салхилж байсан 1993 онд тэрээр Улаанбаатар хотод үзэсгэлэнгээ гаргасан юм. Зураач хэд хэдэн зотон зургаа уран зургийн урлагий музейд бэлэглэжээ. Үүнээс хойш зураач 13 жил Монголд очоогүй аж. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор зохион байгуулсан хамтарсан арга хэмжээний хүрээнд Монгол анд нөхдийн нийгэмлэг 2006 онд Улаанбаатар хотод түүний зургийн үзэсгэлэнг гаргажээ. Жаид Жамаль 40 жилийн турш зурсан ихэнх бүтээлээ үзэсгэлэн тавьсан юм. Тэрээр хамгийн сүүлд Монголд очсон сэтгэгдлээ хуваалцахдаа:
Монголд дахин очих надад их сонин байсан. 1993 оноос хойш Монгол улс нилээд өөрчлөгдсөн байсан. Улаанбаатар орчин үеийн сайхан хот болжээ. Хотыг дахин зурах хүсэл надад төрсөн. Сүүлийн үзэсгэлэнгээ монголын залуу үеийнхэнд зориулсан юм. Тэд өнгөрсөн зууны 1960-1980-аад оны Монголын нэрд гарсан хүмүүсийн хөрөг, Монголын нийслэлийн одоо хэдийн байхгүй болсон газрууд, тус улсын гайхалтай байгалийн зургийг үзсэн. “Монголын нууц товчоо” номонд зориулсан зургийн ихэнх хэсгийг 2006 онд монголчуудад анх үзүүлсэн юм. Монголын нэрд гарсан зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн нууц товчоонд зориулсан зураг зурахыг минь дэмжсэн юм. Энэ их хүн “Монголын нууц товчоог” орос хэл дээр унших боломж надад олгосон билээ. Сэтгэлээсээ ийн хөдөлмөрлөж байна. Монголын алдарт үргэлжилсэн зохиолд зориулсан зургийг 20 гаруй жил зурж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа эргээд энэ зургаа зурдаг. Миний зургуудтай “Монголын нууц товчоо” ном хэвлэгдэнэ гэдэгт найдаж байна.
Жаид Жемаль энэ жил 80 насныхаа ойг тэмдэглэнэ. Тэрээр нас дээр гарсан ч, тэнхлүүн, уран бүтээлийн арвин төлөвлөгөөтэй байна. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарч байна. Жаид Жемаль ажилдаа идэвхийлэн орлоо. Тэрээр үүнийгээ ийнхүү тайлбарлаж байна.
Миний эх орон Орос улс. Монгол улсыг хоёр дахь эх орноо гэж үздэг. Энэ улс миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс манай хоёр улс урьдын адил нөхөрлөөсэй гэж би хүсдэг.
Эрхэм сонсогчид оо, Монгол анд нөхдийн нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүний гишүүн, зураач Жаид Жемалийн тухай та бүхэнд хүргэлээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>