Энэ баримт бичиг Оросын оюуны өмчийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, оросын хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа юм.
Онцгой эрхийг зөрчсөн тохиолдолд хариуцлага ногдуулах хэм хэмжээ, зохиогчийн эрхийг дээд зэргээр хамгаалах тухай өгүүлж байна. Гадаадын оюуны өмчийг Орос улсад хамгаалах, оюуны бүтээлийг хулгайлж, хуурамчаар үйлдвэрлэхийн эсрэг тэмцэхэд энэ баримт бичиг үр нөлөөтэй хөшүүрэг болно. Нөгөө талаас оросын хөгжин дэвжиж байгаа бизнесийг олон улсын зах зээлд гаргахдаа олонд алдаршсан нэр тэмдэг, эрхээ хамгаалах нь чухал. Орос улс Дэлхийн Худалдааны Байгууллагад /ДХБ/ элссэнээр нэр тэмдгийг /брэнд/ үр нөлөөтэй хамгаалж, оросын компанийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхтэй тэмцэх шинэ боломж бүрдэж байна. Бараа таваарын нэр тэмдгийг хамгаалах асуудал өнөө үед тэргүүн зэргийн зорилт болоод байна. Энэ нь Оросын компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой гэж Эдийн засгийн хөгжил болон худалдааны яамны худалдааны яриа хэлэлцээний асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Андрей Кушниренко ярив.
Оюуны өмчийн тухайд яривал, манайх ДХБ-д элсэвэл дараах асуудалтай тулгарна: Бид ямар шалтгаанаар тус байгууллагад элсэж байгаа вэ? Бид оюуны өмчийн талаар тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Хариуд нь яах билээ? Бусад орны зах зээлд байгаа оросын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны тэмдэг, нэр тэмдийг ялгаварлах саадын эсрэг бид тэмцлээ эхлүүлж болно. ДХБ-ын хүрээнд улс орнууд нэр тэмдгийг хууль бусаар ашигласантай холбогдуулан тус байгууллагын шүүхэд хандаж, ялж байсан тохиолдол бий. Орос улсад ийм эрх байхгүй ч, удахгүй ийм эрхтэй болно. Тиймээс хэзээ, хэнтэй тэмцэх, хэн ялгаварлаж байгаа талаар бүрэн мэдээлэл шаардлагатай юм.
Орос улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын тэргүүлэх компаниуд оросын зах зээлд ямар асуудалтай тулгарч байгаа талаар Эдийн засгийн хөгжил худалдааны яаманд мэдээлэл байнга ирдэг. Харин оросын компаниуд тэр бүр захидал ирүүлдэггүй болохыг тэрээр онцлон тэмдэглэв. Өндөр технологийн бүтээгдэхүүн гаргаж байгаа оросын компаниудын оюуны бүтээлийг хамгаалах шаардлагатай байна. Оросын компаниуд оюуны өмчөө хамгаалуулж, олон улсын технологийн зах зээлд гаргах бодолтой байгаа юм. Нано, биотехнологийн чиглэл, шинэ материалууд нилээд хэтийн төлөвтэй байна. Орос улс ДХБ-д элссэнээр нэр тэмдэг болон ноу хауг илүү үр нөлөөтэй хамгаалах боломжтой. ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим энэ чухал ажилд туслах, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж болно. ХАҮТ оросын бизнесийн байр суурийг нягтруулж, хамгийн өндөр түвшинд гарах боломжтой тодорхой санаачлагын хэлбэрт оруулж чадна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>