Орос, Хятад, Монгол, Белорус, Польш болон Германы төмөр замын газрууд хамтран ажиллана.
Манай тоймч Игорь Денисов тайлбарлахдаа.
Европ, азийн хооронд чингэлэгтэй ачааны тээвэр нэмэгдэхэд энэ баримт бичиг тус болно. Баримт бичигт ачааг тээвэрлэхэд дамжин өнгөрөх хугацааг багасгах зорилгоор гаалийн журмыг хөнгөвчилсөн арга хэмжээг хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гэж нэрлэжээ. Төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхтэй холбоотой техникийн бусад асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурснаас гадна дэлхийн арилжааны чухал маршрутын нэгд тээврийг хөгжүүлэх бас нэг практик алхам хийсэн. Хятадын бараа бүхий тээврийн галт тэрэг лхагва гаригт Гамбург хот хүртэл туршилтаар зорчжээ. Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар галт тэрэг 9780 км замыг 18 хоногт туулах ёстой аж. Өнөөгийн байдлаар Хятадаас Герман хүртэл бараа хүргэхэд тэнгисээр 40 хоног тээвэрлэдэг байна. Олон улсын валютын сангийн шинжээчдийн дүгнэснээр Ази, Европын жил тутмын бараа эргэлт 600 тэрбум доллар байгаа бөгөөд 2010 онд энэ үзүүлэлт 1,5 дахин нэмэгдэнэ. Тиймээс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх тээврийн замыг идэвхтэй эрж хайж байна. Транссибирийн магистралийг шинэчилснээр өргөн боломж нээгдэнэ гэж бизнес эрхлэгчид найдаж байна. Евразийн ердийн хуурай замын гүүр, Европ болон Азийг холбогч гол үүрэг гүйцэтгэж байгаа гол давуу талаа Орос улс дээд зэргээр ашиглах боломжтой болно. Оросын төмөр замын тээврийн боломжийг бүрэн ашигласнаар ачааг хүргэх оновчтой маршрутыг тавих боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Тээврийн төслүүд ямагт эдийн засгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байсан. Яваандаа сонирхогч бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлж, ачаа илгээж буй талын зардлыг бууруулж, тив хоорондын бараа эргэлтийн үр нөлөөг дээд зэргээр хангана. Энэ салбарт зургаан орон хамтран ажилласнаар Ази-Европын маршрутын төмөр замын ачаа тээвэрлэлтийг цаашид хөгжүүлнэ гэдгийг итгэлтэй хэлж болхоор байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>