Америкийн “Стратфор” судалгааны төвийн бэлтгэсэн 2008 оны таамаг илтгэлийн үндсэн дүгнэлт ийм байна. Манай тоймч Вячеслав Соловьев дэлгэрэнгүйг хүргэнэ.
“Стратфор” нь геополитикийн үйл явцыг таамаглах хувийн байгууллага юм. АНУ энэ байгууллагыг “сүүдрийн ТТГ” гэж нэрлэдэг.
Орос улс “хүйтэн дайны” үеээс хойш геополитикийн хамгийн хүчтэй байр суурьтай 2008 оноо угтлаа хэмээн тус төвийн илтгэлд дурдсан байна. Москва 2007 онд үндсэн бүх асуудлаа амжилттай шийджээ. Уналтанд орсон армиа сэргээсэн. Зэвсэглэлийн шинэ системийг нэвтрүүлсэн. Улс орон нефтээс олсон орлогод бялхаж, гадаад өрөө барагдуулж, чечений зэвсэгт этгээдийг дарсан. Төв удирдлага ард түмний дунд нэр хүндтэй байна.
Орос улсын хүн амын амьдралын түвшин сүүлийн жилүүдэд илт сайжирсан, эдийн засгийн өсөлт өндөр байгааг америкийн шинжээчдийн энэ үнэлгээн дээр нэмж хэлэхээр байна. Оросын ард түмэн улс орноороо бахархах сэтгэл дахин төрсөн. Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэнд хандан шинэ жилийн мэнд дэвшүүлэхдээ энэ тухай хэлж байсан.
Бид сүүлийн 8 жил Орос улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээгээд зогсохгүй нэгдсэн ард түмэн болохоо мэдэрсэн. Улс орноо орчин үеийн, хүчирхэг гүрэн болгож, иргэд тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд бид энэ бүх жилүүдэд хамтдаа ажилласан билээ. Орос улс жил ирэх тусам улам хүчээ авч, бэхжиж, манай эдийн засаг хэрхэн өсч, хүмүүст шинэ боломж нээгдэж байгааг бид харж байна.
Н: Оросын өмнө тулгарсан геополитикийн хэд хэдэн асуудлыг америкийн шинжээчдийн илтгэлд тэмдэглэжээ. НАТО дорно зүг өргөжиж байгаа энэ үед урт хугацааны сайн сайхан байдлыг хангахын тулд 2008 он Орос улсын хувьд “үйл ажиллагааны жил” байх ёстой гэж илтгэлийг бичсэн шинжээчид үзэж байна.
“Орос улс хүчээ авч байгаа бол америк уналтын байдалд байна” гэж илтгэлийг бичсэн хүмүүс тайлбарлаж, Орос, өрнөдийн хооронд шинэ сөргөлдөөн гарах аюул нүүрлэж байна гэсэн дүгнэлт хийжээ.
Москва энэ бүх үйл явцыг өөр өнцгөөс харж байна. Нөхцөл байдал яаж ч эргэсэн Орос улс сөргөлдөөнд оролцохгүй гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан мэдэгдсэн юм. Орос улс нэгдсэн гадаад бодлого явуулж, олон улсын асуудлаар бүтээлч шийдвэр гаргах бодолтой байна. Ерөнхий үүрэг даалгавраа шийдэх ашиг сонирхолд үндэслэн тэгш эрхийн үндсэн дээр бүх түнштэй хамтран ажиллахад бид бэлэн байна гэж сайд тэмдэглэсэн юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>