Хүрээлэн буй орчныг хамгаалах тухай дэлхийг хамарсан анхны хэлэлцээрийг баталсан орнууд тодорхой хязгаарын хүрээнд хүлэмжийн хийгээ бууруулж эхлэх ёстой юм. Орос улс тогтоосон хүрээнд хүлэмжийн хийгээ бууруулж байгаа болохоор одоохондоо ийм хязгаарлалт байхгүй юм. Гэсэн ч оросын аж үйлдвэрийн 100 орчим компани агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийгээ бууруулж, квотоо сонирхогч талуудад худалдахад бэлэн байна.
Агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн квотыг нэг улсаас нөгөөд худалдаж, шилжүүлэх харилцааг Киотын протоколоор зохицуулсан байдаг. Энд хамтран хэрэгжүүлэх төслийн тухай ярьж байгаа хэрэг юм. Агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийг бууруулсан хэмээн тооцуулах сонирхолтой орнууд оросын компанитай хамтран байгууллагын эрчим хүчний үр нөлөөг дээшлүүлэх, экологийн цэвэр технологи боловсруулахад хөрөнгө оруулдаг байна. Хөрөнгө оруулсны хариуд тэд агаар мандалд цацагдаж буй нүүрс хүчлийн хийг бууруулсан гэх нэгж авдаг ажээ. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд Орос улс бэлэн байна гэж Орос дахь Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн захирал Игорь Честин ярьж байна.
Хууль эрх зүйн бүх хэм хэмжээг авсан, энэ их сайн. Бизнесийг янз бүрээр явуулахад бэлэн байна. “ЕЭС России” хувьцаат компани манлайлах нь гарцаагүй. Орос улс Киотокийн протоколыг батлахаас өмнө хэрэгжүүлэхэд бэлэн багц төсөл тус компанид байсан. Тэгэхлээр оросын олон цахилгаан станц Киотокийн протоколд заасан механизмын хүрээнд шинэ тоног төхөөрөмжтэй болно. Төслийн ихэнхийг бүс нутгийн засаг захиргаатай хамтран боловсруулсан. Төслийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн идэвх, чармайлт чухал. Москва, Санкт-Петербург хотоос гадна Хакасийн бүгд найрамдах улс, Томск мужийн засаг захиргаа экологийн байдлаа сайжруулахад ихээхэн анхаарч байгааг энд хэлэх нь зүйтэй. Бизнес эрхэлэхэд бэлэн байна.
Экологийн байдлыг сайжруулах 100-150 төслийг 2008 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Оросын компаниудын хувьд тоног төхөөрөмжөө шинэчлэх, буцаах шаардлагагүй хөрөнгө оруулалтыг татах аятай боломж юм. Өнөөгийн байдлаар тонн нүүрс хүчлийн хийн зах зээлийн өртөг 6-8 евро бол оросын компани экологийн төсөл хэрэгжүүлснээр хэдэн сая долларын ашиг олно.

Орчуулагч Г. Нарангарав