Дорнын хуанлигаар 2008 онд хулгана жил гарч байгаа бөгөөд эд баялаг, сайн сайхан, чинээлэг хангалуун байдлыг бэлэгджээ.
Ирэх оны бэлэг тэмдэг бүхий дүрстэй зоосыг Орост төдийгүй Австрали, Герман, өмнөд Африк, шинэ Зеланд, Польш зэрэг улсад гаргажээ. ОХУ-ын Сбербанкаас энэ зоосыг авах боломжтой. Хулгана жилд тохиолдуулан үнэт металлаар хийсэн 18 төрлийн зоосыг хэрэглэгчдэд санал болгож байгаа гэж Сбербанкийн валютын үйл ажиллагааг удирдах газрын ерөнхий эдийн засагч Андрей Тихонов ярив.
Мөнгөн зоос, өнгөт зоос, алтадсан дүрстэй зоос нь 15 граммаас хэдэн килограмм жинтэй байна. Сбербанк өнгөрсөн жил 10 кг жинтэй зоос зарж байжээ. Алтан зоос ч байгаа. Өмнөд Африкийн зоосны үйлдвэр хулгана жилийг тохиолдуулан өргөн нэр төрлийн зоос цутгажээ. Ямар нэг хэмжээгээр оросын хэрэглэгчдэд тун ойрхон дорнын зах зээлд нийцүүлэн сэдвээ сонгосон байна. Урлагийн хурц бүтээл төдийгүй өнгийг гайхалтай зохицуулсан зоос бүрт ирж буй оны хулгана жилийг дүрсэлжээ. “Аз жаргал”, “Амжилт” гэсэн бэлэг тэмдэгтэй зоос ч байгаа юм. Сбербанк дорнын хуанлид зориулсан гадаадын 100 мянган зоосыг ирэх жил худалдахаар төлөвлөж байна.
Дэлхийн зоос олон улсын хөтөлбөрийг Оросын Сбербанкаар дамжуулан хэрэгжүүлсний ачаар цуглуулгын зоосыг цутгасан юм гэж Александр Тихонов ярив:
Сбербанк энэ хөтөлбөрийн хүрээнд жилд 700 мянга гаруй зоос борлуулдаг. Эдгээрээс 250 мянга орчим нь гадаадын зоос байдаг аж. Зоосны үйлдвэр бүр өөрсдийн онцгой хэв загвараар зоосоо цутгадаг. Хүмүүсийн сонирхлыг татах өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид хэрэглэгчдэд санал болгоод байгаа. Зарим хүн сонгодог маягийн зоос, нөгөө нь өнгөт зоос, үнэт чулуутай зоос сонирхох хүн ч байна.
Оросын дотоодын зах зээлд үнэт металлын зоосны эрэлт байнга өсч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. “Холмсын тухай зоос”, “Дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөсний 50 жилийн ой”, “Импрессионистууд” зэрэг олон сэдвийн цуврал зоосыг 2007 онд оросын зах зээлд нийлүүлжээ. Тус банк 2007 оны 10 сарын байдлаар 580 мянга гаруй зоос худалдаснаас 40 орчим хувь нь гадаадын зоос ажээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>