Монгол анд нөхөд андахгүй орос хүн өнөөдөр манай хөтөлбөрт оролцож байна. Монгол Улсын баатар, сансрны нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко та бүхэнд шинэ жилийн мэнд дэвшүүлэхээр микрофоны өмнө хүрэлцэн ирээд байна. “Эрхэм монгол анд нөхдөө, 2007 он түүхэнд үлдэж, 2008 он гарлаа. Шинэ он манай хоёр орны ард түмний хувьд илүү амжилттай, аз жаргалаар дүүрэн жил байна гэдэгт найдаж байна. Эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж манай найрамдал цаашид хөгжинө гэж найдаж байна. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн 60 жилийн ойг бид өнгөрсөн жил тэмдэглэсэн. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн хувьд ирж буй он ойн жил байна. Олон нийтийн энэ байгууллагын 50 жилийн ойг тавдугаар сард тэмдэглэнэ».
Асуулт: Ойг тохиолдуулан ямар арга хэмжээ явуулах вэ?
В.Горбатко: Бид их ажил төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхээр чармайж байна. Бид тавдугаар сарын дундуур ойгоо тэмдэглэнэ. Ойд зориулсан ёслолын хурал болно. Монголын найрамдалын нийгэмлэгийн орос улсын бүс нутгийн төлөөлөгчдийг баярын арга хэмжээнд урина. Магадгүй Орос, монголын найрамдлын нийгэмлэг гэсэн нэгдсэн байгууллага 5-р сард бий болж болзошгүй. Хоёр байгууллагыг нэгтгэх ажил хэдийн эхэлсэн. Ойг тохиолдуулан хийж буй гол ажлын нэг нь энэ юм. Манай нийгэмлэгийн хамгийн идэвхтэй гишүүдийг шагнах одон, медалийг ойн арга хэмжээг тохиолдуулан гаргана. Байгууллагын гишүүн бүрт өргөмжлөл гардуулна. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакц Монгол анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран нийгэмлэгийн ойд зориулсан асуулт хариултын уралдааныг монгол иргэдийн дунд зарласныг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Асуулт хариултын уралдаанд та бүхэн идвэхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Асуулт тийм ч хүнд биш, ялагчдад үнэ цэнэтэй бэлэг гардуулна. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан янз бүрийн олон арга хэмжээг Москва хотноо зохионо. Миний эрхэм анд Ж.Гүррагчаагийн тэргүүлдэг Найрамдлын монголын нийгэмлэгийн холбооны төлөөлөгчдийг бид ойн арга хэмжээнд урьж байгаа. Монгол анд нөхөд маань бидний урилгыг хүлээж авна гэж найдаж байна. Орос-Монголын найрамдлын монголын нийгэмлэгийн 60 жилийн ойн ёслолын арга хэмжээнд манай төлөөлөгчдийг хэрхэн халуун дотно хүлээн авсан, бид мөн тэднийг тийнхүү дотно хүлээж авна.Эрхэм анд нөхдөө би та бүхэнд дахин Шинэ оны мэнд дэвшүүлье. Хүн бүр элбэг дэлбэг, сэтгэл хангалуун байхыг ерөөе. Ирж буй 2008 он хүн бүрт аз жаргал, инээд хөөр авчирахыг хүсье.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>