Өнөөдөр би та бүхэнд онцгой үг хэлмээр байна. Шувтарч буй оныг үдэхдээ сүүлийн найман жилд бид хамтдаа хийсэн болгонд та бүхэнд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Улс орныг сэргээн босгоход орос хүний шууд оролцоогүйгээр, оросын ард түмний байнгын дэмжлэг, итгэл найдваргүйгээр энэ бүх амжилтанд хүрч чадахгүй байсан. Бид Орос улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээгээд зогсохгүй, дахин нэгдсэн ард түмэн болсноо мэдэрсэн. Улс орноо хамгаалах, түүнийг орчин үеийн, чөлөөт, хүчирхэг гүрэн, мөн иргэдийн оршин амьдрах тав тухтай нөхцлийг хангасан улс орон болгоход бид энэ бүх жил хамтдаа ажилласан билээ. Орос улс жил ирэх тусам хүчирхэгжиж байна гэж ерөнхийлөгч хэлэв. Ард иргэдэд шинэ боломж нээгдэж, эдийн засаг өсч байна. Бүгдийг хийж амжаагүй нь ойлгомжтой. Оросын ард түмний сонгосон зам зөв зүгт чиглүүлж, амжилтанд хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа Владимир Путин тэмдэглэв. Үүнийг хэрэгжүүлэх бүхий л нөхцөл бүрдсэн. Тухайлбал улс орны их түүх, оросын ард түмний агуу их оюуны потенциалийг хэлж болно гэжээ. В.Путин цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, шинэ жилийн баяраар гэрийн халуун дулаан уур амьсгал, ойр дотны хүмүүстээ анхаарал хайр халамж тавьж, бид сайн сайхан амьдарна, үр хүүхэд маань аз жаргалтай, ахмад настангууд эрүүл энх байна гэсэн итгэл найдвартай байхыг ерөөлөө. Ингэснээр Орос улс улам бэхжиж, цэцэглэн хөгжинө. Ерөнхийлөгч бие биедээ амжилт хүсч, ойр дотны хүмүүс, хорвоо дэлхий дээр хамгийн их хайрлаж хүндэлж явдаг, ямагт хамт байхыг хүсч, халуун дулаан элчээ өгч байдаг тэр хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хундага өргөхийг хүссэн юм. Оросын ард түмэн шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байхыг В.Путин эцэст нь ерөөлөө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>