Хил дамнасан усыг хамгаалах, ашиглахад хамтран ажиллах тухай Орос-хятадын хэлэлцээнд 2008 оны 1-р сард гарын үсэг зурна.Москвад саяхан болсон орос-хятадын зөвлөлгөөний дүнд баримт бичигт гарын үсэг зурах тухай зарласан. Хоёр талын шинжээчид хэлэлцээний бүх асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах, хил дамнасан усыг ашиглах, энэ чухал чиглэлээр талуудын хамтран ажиллах арга хэрэгслийн тодорхойлох асуудлыг баримт бичигт тусгажээ. Хятадын үйлдвэрүүдэд хэд хэдэн осол гарсны дараа хөрш хоёр орны экологийн хамтын ажиллагааны хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлага гарсан юм. Хоёр жилийн өмнө хамгийн том осол гарсан. Сунгари голын эрэг дээр орших хятадын химийн үйлдвэрт 2005 оны 11-р сард дэлбэрэлт гарсны уршгаар 100 тонн орчим бензол, бусад хортой бодис голд орсон юм. Химийн хортой бодис хил орчмын Амур мөрөнд орсон учраас оросын экологичид болон олон нийт сэтгэл түгшиж эхэлсэн байна. Хугацаа алдсан ч Хятадын тал ОХУ-ын хил орчмын бүс нутгийн засаг захиргаанд нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэх арга хэмжээ авч, өргөн хүрээтэй байгалийн гамшиг болохоос сэргийлж, оросын талтай үр ашигтай хамтран ажиллаж эхэлсэн юм. Экологий сүйрлээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажилласны дүнд Орос, Хятад улс хил дамнасан усыг хамгаалахд илүү нягт хамтран ажиллах тухай эртнээс бугласан асуудлыг шийдэхэд ахиц гаргасан юм. Үүнээс гадна БНХАУ Орос улстай хиллэдэг мужуудын экологийг гамшгийг арилгахад үлэмж хөрөнгө гаргаж, байгаль орчинд аюултай хэд хэдэн үйлдвэрийг хаахаа зарласан байна. Хятадын тал дээрх арга хэмжээг авснаар зөвхөн хятадын төдийгүй оросын нутаг дэвсгэрийн экологийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулсан гэж гэж Оросын тал үзэж байгаа юм. Орос, хятадын мэргэжилтнүүд 2007 оноос усны нөөцийн экологийн байдалд хамтарсан хяналт тавьж, хүрээлэн буй орчныг хамгаалахад мэдээлэл солилцож байна. Хамтын ажиллагааны шинэ боломж нь бэлэн болсон хэлэлцээ юм. Энэхүү хэлэлцээгээр хил дамнасан усны объектын экологийн байдлыг сайжруулах, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг илүү сайн зохицуулах ач холбогдолтой ажээ. Онц байдлын улмаас хил дамнасан ус бохирдсонтой холбоотойгоор гарах эрсдлийг бууруулахад энэ баримт бичиг бас чухал ач холбогдолтой.
Энэ баримт бичгийг хоёр жилийн турш боловсруулсныг тэмдэглэх нь зүйтэй. Сунгари гол дагуух ослын мөрөөр боловсруулсан “гал гарсан” үед авах цогц арга хэмжээ биш юм. Байнга уйгагүй ажиллах, урт хугацааны хэтийн төлөвийг харгалзсан хэлэлцээ байна. Орос, Хятад стратегийн түншүүд орос-хятадын хил орчмын бүс нутгийн усны онцгой нөөцийн нөхцөл байдлын хариуцлагыг хамтран хүлээж байна.

Орчуулагч Г. Нарангарав