“Оросын төмөр зам” компани Москваг европын томоохон хотуудтай холбосон олон улсын зорчигч тээврийн хэд хэдэн маршрут нээгээд байна. Олон улсын төмөр замаар зорчигчдын тоо байнга нэмэгдэж байгаа тухай “Оросын төмөр зам” компанийн тоо баримтаас тодорхой байна. Оросын галт тэргээр европын 18 хотод очих боломжтой. Арванхоёрдугаар сард шинээр 3 маршрут нээгээд байна. Москва-Амстердам болон Москва-Мюнхен чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг 12-р сарын 7-оос өдөр бүр зорчиж байна. Харин Москва-Берлин чиглэлийн галт тэргээр 12-р сарын 11-ээс галт тэрэг солилгүй Парис орох боломжтой. Германы нийслэлд галт тэргийг “Германы төмөр зам” Берлин-Парис чиглэлийн галт тэргэнд холбож, хэдэн цагийн дараа Францын нийслэлд хүрнэ. Галт тэрэг өвлийн улиралд 7 хоногт 2 удаа, зунадаа 3 удаа зорчино.
Галт тэргийн шинэ маршрут жуулчдад таалагдах ёстой. Галт тэргэнд явахдаа Берлин, Парис хоёр нийслэлийн дурсгалт зүйлүүдтэй танилцаж болно. Галт тэргийн хуваарийг Германы нийслэлд 12 цаг зогсохоор зохицуулсан гэж Оросын аялал жуулчлалын компанийн төлөөлөгч Евгений Петров ярилаа.
Нэгдүгээрт нисэхээс эмээдэг зорчигчид галт тэргээр аялахыг илүүд үзнэ. Хоёрдугаарт галт тэрэг Берлинээр дайран өнгөрч байна. Тэнд галт тэрэг олон цагаар зогсох үеэр зорчигчид германы нийслэлийн Александр плац, Рейхстаг зэрэг дурсгалт газар очиж болно.
Олон улсын маршрутаар нэг талдаа зорчиход 300-400 орчим доллар. Нисэх онгоцоор нисэхээс хэд дахин хямд байна. Галт тэрэг, нисэх онгоцтой хүчтэй өрсөлдөнө гэж “Оросын төмөр зам” компани найдаж байгаа юм. Төмөр замаар аялахад нисэх онгоцны буудал ордог шиг хотын зах орох шаардлагагүй, цаг агаар муу зэргээс аялалаа хойшлуулах гэж байхгүй, тэр бүр таатай санагддаггүй үзлэг шалгалт хийх журам байхгүй. Төмөр замаар аялах өөр нэг давуу тал нь онгоцоор нисэхээс тав тухтай купегээр аялахад ямагт хөгжилтэй байдаг. Тэгээд ч дайран өнгөрч байгаа газар нутгийн байдлыг харна.
“Оросын төмөр зам” компани цаашид олон улсын чиглэлээ хөгжүүлэхээр төлөвлөж байна. Галт тэрэг 12-р сарын сүүлээр Швейцарийн Базелийн чиглэлээр анх удаа зорчино. Олон улсын шинэ маршрут нь цаашид Орос улсыг баруун европт нэгтгэхэд түлхэц болно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>