Оросын парламентын доод танхим дөрвөн жилийн үйл ажиллагаагаа нээлээ. Дэлгэрэнгүйг Вячеслав Соловьев хүргэнэ.
Төрийн Думын энэ сонгуулийг түүхэн гэж хэлж болно. Оросын парламентын 100 гаруй жилийн түүхэнд Төрийн Думын сонгууль анх удаа 5 удаа болов. 1917 он хүртэлх хувьсгалын өмнөх парламентын маягийн байгууллагуудын сонгууль ердөө дөрвөн удаа болсон юм. Орос улсын парламентын доод танхимд ерөнхийлөгчийн талыг баримталдаг “Нэгдсэн Орос улс” намын төлөөлөл анх удаа үндсэн хуулийн олонх болжээ. 450 депутатын мандатаас тус нам 315 мандат авсан байна. Думын бусад гурван бүлэг Думд цөөн суудал авчээ. Коммунист нам 57 суудал, либераль ардчилсан нам 40, “Шударга Орос нам” 38 суудалтай болжээ.
Төрийн Думын өнөөдрийн хуралдаан хугацаанаас өмнө болж байна. Хуулиар шинэ парламент сонгуулийн өдрөөс хойш 30 дахь хоног дээр анхны хуралдаанаа хийх ёстой юм. Сонгууль 12-р сарын 2-нд болсон болохоор анхны хуралдаан 1-р сарын 1-нд болох ёстой. Энэ өдөр 12-р сарын 30-аас 1-р сарын 8 хүртэл үргэлжлэх шинэ жилийн “амралтын 10 өдөр” таарч байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Думын хуралдааныг хугацаанаас өмнө зарлан хуралдуулжээ. Тэрээр 12-р сарын 17-нд “Нэгдсэн Орос улс” намын сонгуулийн дараах хуралд өөрийн энэ шийдвэрийг тайлбарлахдаа,
Бид тулгамдсан асуудлыг хэдхэн долоо хоногоор ч болов хойш тавьж болохгүй. Тиймээс үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу би 30 хоног болохоос өмнө Төрийн Думын хуралдааныг хугацаанаас өмнө хуралдуулах шийдвэр гаргасан. Депутатууд тэр тусмаа анх удаа сонгогдсон хүмүүс аль болох түргэн ажилдаа орохыг би хүсч байна. Парламент иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад чиглэсэн тодорхой шийдвэр гаргахаас ажлаа эхлэх ёстой гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв.
Анхны бүгд хуралдаан энэ жил хамгийн сүүлчийнх нь юм. Энэ хуралдаанаар депутатууд зохион байгуулалтын бүх асуудлыг шийдэж, 1-р сарын 11-нд төлөвлөсөн дараагийн хуралдаанаар “Нэгдсэн Орос улс” намын хурлын үеэр төрийн тэргүүний хэлсэн нийгмийн салбарын тодорхой багц саналыг хэлэлцэнэ. Тэгэхлээр парламентын гишүүд ерөнхийлөгчийн уриалгын хариуд хууль тогтоох ажлаа үл завсарлаж, улс орны тогтвортой хөгжил, залгамж бодлогыг хангах бодолтой байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>