Туркийн Агаарын зэвсэгт хүчин энэ амралтын өдрүүдэд Курдын ажилчны намын зэвсэгт этгээдүүдийн байрлаж буй Иракийн хойд хэсэгт пуужингийн цохилт өгсөн тухай мэдээллийг Багдадад суугаа АНУ-ын элчин сайд Райн Крокер ийнхүү тайлбарлажээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеев энэ сэдвийг цааш үргэлжүүлэхдээ,
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс өнгөрсөн долоо хоногт Багдадад гэнэт айлчлахдаа хэлсэн үгийг америкийн элчин сайд бараг давтан хэллээ. Хэн боловч Иракийн хойд хэсгийн тогтвортой байдлыг алдагдуулах ямар нэг арга хэмжээ авах ёсгүй. Үүнийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Вашингтон бодит байдалд хоёр нүүр гаргаж, хэлсэн ярьсан нь үйлдэлтэй нь зөрчилдөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш хэд хоногийн өмнө Туркийн ерөнхий сайд Тайип Эрдогантай уулзасны дараа Курдын ажилчны намын террористуудтай тэмцэх үүднээс АНУ Анкаратай нягт хамтран ажиллах бодолтой байгаа гэж мэдэгдсэн юм. Туркийн цэргийнхний хүлээн зөвшөөрснөөр ийм шалтгааны улмаас Пентагоны өгсөн тагнуулын мэдээнд тулгуурлан курдын зэвсэгт этгээдүүдийн байгаа газар агаараас цохилт өгсөн байна. АНУ-д энэ талаар мэдэгдээгүй байсан гэж Вашингтон анх хэлэхэд олон ажиглагчид эргэлзэж эхэлсэн юм. Ирак дахь америкийн цэргийнхэн Туркийн Агаарын зэвсэгт хүчинд нислэг үйлдэх боломжийг тусгайлан олгосныг бүгд мэдэж байсан. Анкарагийн төлөвлөгөөний талаар урьдаас мэдээлэл авсанаа Пентагон хожим нь зөвшөөрчээ.
Вашингтоны хоёр нүүр гаргасан байр суурийг тус улс маш хүнд байдалд орсноор тайлбарлахаар байна. Нэг талаар Турк улс АНУ-ын НАТО-ийн холбоотон, хилийн чанадад ариун үйл хэрэг гэж үздэг терроризмтай хийх тэмцлийн түнш юм. Нөгөө талаас Анкара Иракийн хойд хэсэгт өргөн хүрээтэй зэвсэгт ажиллагаа явуулснаар тус бүс нутагт асар их цус урсгасан мөргөлдөөнийг дэгдээнэ. Америкеийн 160 мянга орчим цэргийн албан хаагч байгаа Иракийн байдлыг тэр чигт нь тогтворгүй болгож болзошгүй юм. Анкара курдуудын эсрэг агаараас цохилт өгснийг Вашингтон дэмжвэл АНУ, Иракийн засгийн газрын хооронд улам их хагарал гарна. Энэ бүхэн Ирак төдийгүй курдууд Ойрх Дорнодын олон оронд оршин суудгийг харгалзавал, тус бүс нутгийн байдлыг бүхэлдээ хэвийн болгох аргагүй. Энэ бүх таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд АНУ болон сонирхогч талууд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх ёстой. Энэ асуудалд хоёр нүүр гаргаж болохгүй.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>