Монгол анд нөхдийн нийгэмлэгийн тайлан сонгуулийн 4-р бага хурал саяхан Москва хотод боллоо. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансрын нисэгч Виктор Васильевич Горбатко энэ хуралд илтгэл тавив. Тэрээр нийгэмлэгийн 2002 оноос хойш гүйцэтгэсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулаад зогсохгүй үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийн талаар ярилаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович ойрын үед болон ирээдүйд тус нийгэмлэгийн хийж гүйцэтгэх ажлын тухай, үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орох талаар ярихыг Виктор Васильевичээс хүсчээ. Виктор Горбатког микрофоны өмнө урьяа: «Монгол анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагаа өнөө үед амжилттай явагдах эсэх нь бусад байгууллага, аж ахуйн нэгж, уран бүтээлийн холбоо, янз бүрийн сангуудтай хэрхэн хамтран ажиллахаас ихээхэн хамаарч байна. Ямар нэг байдлаар Монгол улстай холбоотой, тус улсад эдийн засгийн эсвэл өөр ашиг сонирхолтой байгууллага, хүмүүстэй юуны түрүүнд хамтран ажиллах хэрэгтэй юм. Улиран өнгөрч буй онд манай нийгэмлэгийн санхүүгийн байдал өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Манай нийгэмлэгийг “Базовый элемент” ХХК, “Нийгмийн хөгжлийн улсын төв”, “Росстройизыскание” зэрэг бусад нэр хүндтэй байгууллага, компаниуд ивээн тэтгэж байна. Тиймээс бид маргаашдаа итгэх итгэл дүүрэн, үр бүтээлтэй ажиллах боломжтой болж байна. Зөвхөн оросынх төдийгүй Монголын энх тайван, найрамдлын байгууллагын холбоо, “Монгол-Оросын” найрамдлын нийгэмлэг, ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай юм. Бид монголын түншүүддээ жил бүр хамтын ажиллагааны тухай протоколд гарын үсэг зурах санал тавьж байгаа. Монгол анд нөхдийн нийгэмлэгт өөр нэг шинэчлэл гарсан. Ойрын үед тус нийгэмлэгт зохион байгуулалтын асуудал, анхан шатны байгууллагуудтай холбоо тогтоох, залуустай ажиллах, санхүү хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, мөн мэдээлийн гэсэн үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулах гэж байна. Зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны хагас зуун жилийн ойг бид ирэх оны 5-р сарын 14-нд тэмдэглэнэ. Монгол анд нөхдийн нийгэмлэг энэхүү зөвлөлтийн олон нийтийн байгууллагын хууль ёсоор залгамжилж, үйл хэргийг нь хязгаарлагдмал боломжоор бүс нутгийн хэмжээнд үргэлжлүүлж байна. Их ойн өмнө орос-монголын найрамдлын нийгэмлэгийн салбарыг ОХУ-ын зарим нутаг дэвсгэрт байгуулах зорилгоор Монголтой нягт харилцаатай бүс нутагтай холбоо тогтоох шаардлагатай байна. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 11-р сард болсон 4-р бага хуралд Орос улсын 15 бүс нутгийн төлөөлөгч оролцсон юм. Тэгэхлээр тавьсан зорилтдоо хүрэх боломжтой гэж би үзэж байна. Үүнтэй холбогдуулан байгууллагын дүрмийг өөрчлөх их ажил байна. Нийгэмлэгийн удирдлага үүнийг хийхэд бэлэн гэж Виктор Горбатко хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

< сонсох >