Польш улс ирэх оны 10-р сараас Иракаас цэргээ гаргахаар төлөвлөж байгаа тухай Польшийн батлан хамгаалах сайд Богдан Клих мэдэгдлээ. Энэ саналыг одоо Польшийн ерөнхийлөгч Лех Качинский үзэж байгаа юм. Тэрээр Иракаас цэргээ гаргахын эсрэг байгаа тухай Варшавын “Газета выборча” сонинд бичжээ. Үүний зэрэгцээ “Вашингтон Пост” сонинд бичсэнээр Иракт байлдааны ажиллагаа явуулж байгаа олон улсын эвсэлд оролцогч орны тоо цөөрсөөр байгаа аж. Олон улсын эвсэлд 2004 онд АНУ-ыг оролцуулалгүй 32 орны 25 мянга гаруй цэрэг багтаж байсан бол энэ оны 11-р сарын байдлаар тус эвсэлд 26 орон байна. Гадаадын цэргийн тоо 11 мянга гаруй болж буурчээ. Тиймээс Иракт алба хааж байгаа америкийн 160 мянга гаруй цэрэг гол ачааллыг үүрч байна. Ирак дахь америкийн гол холбоотон Их Британи улс Иракт алба хааж байгаа цэргийнхээ тоог ирэх оны хавар хоёр дахин бууруулахаар төлөвлөжээ. Эвслийн 26 орноос 16 нь Иракт 100 эсвэл түүнээс бага цэрэгтэй байна. Тухайлбал Латви 3 цэрэг, Словак 2, Сингапурын 1 цэрэг тэнд алба хааж байгаа юм. АНУ-ын холбоотнууд цэргээ татах болсон шалтгаан юунд байна вэ? Орос улсын нэрд гарсан дорно дахины судлаач Владимир Ахмедов энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм: «Америкийн засаг захиргааны Иракийн байдлыг зохицуулах бодлого нь улам гацаанд орж буйн баримт энэ юм. Иракт алба хааж байгаа эвслийн цэргүүдийн өмнө тавьсан зорилтоо АНУ биелүүлж чадаагүй. Улс орны байдлыг тогтворжуулж чадаагүйн дээр ардчиллын анхны шинж тэмдэг харагдахуйц үр нөлөөтэй ажиллах улс төрийн шинэ систем байгуулж чадаагүй билээ. Байдал хурцадмал хэвээр байна. Энэ нь Иракийн дотоод байдалд, бүс нутагт бүхэлдээ сөргөөр нөлөөлж, АНУ-ын холбоотнуудыг эвгүй байдалд оруулаад байна. Эвслийн ихэнх гишүүд эрчим хүчний салбарт Ойрх болон Дунд Дорнодоос шууд хамаарч байгаа гэж Владимир Ахмедов үргэлжлүүлэв. Эдгээр орны бизнесийн хүрээнийхэн Иракийн асуудлыг хүчээр шийдвэрлэх америкийн бүтэшгүй бодлогоос зайлсхийхийг улс төрийн удирдлагадаа тодорхой дарамт шахалт үзүүлж байна. Энэ л шалтгааны улмаас Ирак дахь эвслийн цэргийн тоо цөөрч байна».Эвслийн ихэнх орнууд Ирак дахь цэргийнхээ тоог цөөлж байгаа бол ганцхан орон цэргийнхээ тоог нэмж байгаа тухай “Вашингтон Пост” сонинд бичжээ. Үнэнчээр зүтгэж, хожим НАТО-д элсэх эрх олж авахаар горилж буй Гүрж улс цэргийнхээ тоог нэмж байгаа ажээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>