Энэ тухай Стратегийн томилгооны пуужинт цэргийн командлагч хурандаа генерал Николай Соловцов мэдэгдэв. Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөөтэй холбоотойгоор оросын дээгүүр албан тушаалтан мэдэгдэл хийгээд удаа ч үгүй гурав дахь удаагаа ийм мэдэгдэл хийсэнд таны анхаарлыг хандуулъяа. Польшийн нутаг дэвсгэрээс америкийн пуужин амдан сөнөөгчийг хөөргөвөл Орос улс тив хоорондын баллистик пуужингаар хариу цохилт өгөхөд хүрнэ. Пуужин хөөргөх шийдвэрийг автоматаар гүйцэтгэх бөгөөд үүнд хүний оролцоо болоод цаг хугацаа бага байх юм. АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Европын гурав дахь нутаг дэвсгэрт байрлуулбал Орос улс зохих хариуг нь өгөх чадвартай гэж сансрын цэргийн командлагч хурандаа-генерал Владимир Поповкин урьд мэдэгджээ. Польш, Чехид байрлах Пентагоны цэргийн объектод оросын пуужинг чиглүүлэх хувилбар дээрх хариултын нэг байж магадгүй. Энэ мэдэгдлүүдэд дүн шинжилгээ хийж үзвэл шинэ гэх зүйл огт алга. Орос улсын дипломат болон цэргийн дээгүүр албан тушаалын хүмүүс энэ тухай янз бүрийн хэлбэрээр нэг бус удаа хэлж байсан билээ. Ахархан хугацаанд оросын цэргийнхэн ийм ойр ойрхон мэдэгдэл хийж байгаа нь Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөөнд Москва ихээхэн түгшиж байгааг харуулж байна. Орос, АНУ-ын дипломат болон батлан хамгаалахын яамдын төлөөлөгчид энэ асуудлаар болон бүхэлдээ стратегийн тогтвортой байдлыг хангах тухайд яриа хэлэлцээ хийж, дорвитой үр дүнд хүрэхгүй байгаагаас байдал улам хурцдаж байна. Энэ таагүй байдалд Вашингтон цэргийн төсвөө улам нэмэгдүүлж, НАТО-ийн дэд бүтцийг Оросын хилийн ойролцоо дөхүүлж, европын төдийгүй дэлхийг хамарсан пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахыг оролдож байна. Ийм тохиолдолд Орос улс юу ч хийхгүй байх бус байдал эергээр эргэнэ гэж найдаж, муу зүйл тохиолдоход бэлтгэж байна. Орос улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол ийм байдлыг шаардаж байгаа юм. Орос улсын үндэсний ашиг сонирхол Вашингтоны нэг талын төлөвлөгөөний барьцаа болж болохгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>