Бали аралд болж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно энэ тухай мэдэгдэв. Манай тоймч Александр Редченко тайлбарлахдаа,
Бүх хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудлын үнэ цэнэ иймэрхүү байна. Индонезийн ерөнхийлөгчийн хэлснээр хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий ган гачиг, өлсгөлөн, дэлхийн далайн түвшин нэмэгдэх зэрэг аюул нүүрлэж байна. НҮБ-ын экологийн асуудлаарх тусгай санд одоогоор агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн квотын худалдааны шимтгэлээс бүрдсэн 67 сая доллар хуримтлагдаад байна. Ган гачиг, үер, ургац авч чадахгүй байх зэрэг цаг уурын гамшигт хамгийн их нэрвэгдсэн оронд энэ хөрөнгийг тусламж болгон олгоно. Индонезийн Бали аралд болж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын ажилд 192 орны 10 мянган төлөөлөгч, шинжээч оролцож байна. 21-р зууны эхний 6 жилд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг шууд болон шууд бусаар нэг сая гаруй хүний аминд хүрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд дурдсан байна. Үүнээс гадна агаар мандал бохирдсоноос үүдэлтэй өвчний улмаас жил тутам 800 мянган хүн амь насаа алдаж байгаа юм. Агаарын температур аюултай түвшинд хүртэл нэмэгдэж байгаатай тэмцэх шинэ хэлэлцээрийг боловсруулах тухай яриа хэлэлцээг эхлүүлэх талаар тохиролцоход Бали аралд болж байгаа НҮБ-ын энэ бага хурал чиглэж байна. Агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн, мөн 2012 он хүртэл үйлчлэх Киотогийн протоколыг шинэ хэлэлцээр орлох ёстой юм.
АНУ, Хятад, Индонез зэрэг улс сүүлийн жилүүдэд агаар мандалыг хамгийн их бохирдуулж байгаа тухай мэдээ, нийтлэлийг эрдэмтэн-экологичид бага хурлын үеэр дурдлаа. Киотокийн протоколын хүрээнд АНУ, Хятадын аль нь ч хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээгээгүй байна. Энэ асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа америкчүүд хурлын үеэр илэрхийллээ. Хятадад хүрээлэн буй орчныг хамгаалах 15 жил хэрэгжүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн жил албан ёсоор баталсан юм. Хятад улс экологийн ноцтой хямралын байдалд байгаа тухай олон шинжээчид тэр дундаа Хятадын шинжээчид ярьж байна. Тухайлбал хөрсний нуралт, бэлчээр, тариалангийн талбай хомсдох, ой мод сүйдлэх зэргээс Хятадын экологийн тэнцвэрт байдал алдагджээ. Тус улсын гол, нуурын 70 хувь нь бохирдсон. Зарим дүүргийн оршин суугчид тариалангийн талбай гандаж, гол ус бохирдуулах аюултай үйлдвэрийн барилга барихыг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, цагдаагийнхантай хүртэл барьцалдсан тохиолдол гарчээ. Агаар мандалд асар их хүлэмжийн хий цацагдахад нөлөөлж байгаа Суматра, Калимантан зэрэг арлын асар уудам нутгийн улирлын чанартай ойн түймрийн аюулыг бууруулахын тулд Индонезийн засгийн газар дорвитой арга хэмжээ авч байна. Энэ нутагт өнгөрсөн намар гарсан ойн түймэр нийт бүс нутгийг хамарсан гамшиг болсон юм. Тус улсын ерөнхийлөгч түймрийг унтраахад тусламж үзүүлэхийг Орос улсаас хүссэний дагуу түймэр унтраах газар уснаа явагч нисэх онгоцыг Индонезид хүргэсэн билээ. Үүний гал унтраах ажиллагаа ер бусын болохыг Индонезийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Киотокийн дараагийн баримт бичгийг боловсруулахд Орос улсын төлөөлөгчид идэвхтэй оролцож байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>