Москва анх удаа 2010 оны залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө сунгаад тэргүүлж байна. Тус хотын дараа Сингапур, Афин, Турин болон Бангкок орж байна. Аль хотод аз таарч, залуучуудын наадмыг зохион байгуулах эрх авсан нь ирэх оны 2-р сард тодорхой болно. Залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах хэрэгцээ дэлхийд байна уу? Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ өнгөрсөн оны зуны хуралдаанаар энэ асуултад цэг тавьсан билээ. Энэ хурлаар тус наадмын зорилгын талаарх шийдвэрийг баталсан юм. Орос улс уг наадмыг зохион байгуулах хүсэлтээ бараг шууд хэлж, наадмыг зохион байгуулах нийслэлээр Москва хотыг санал болгосон юм. Хожим нь бусад улс тухайлбал 9 хот ОУОХ-нд өргөдөл гаргаж, 11-р сарын 19-нд 5 хот нэр дэвшсэнийг зарлажээ. Мэргэжилтнүүд Москва хотын өндөр үнэлсэн байна. Тус хот авах ёстой 10 онооноос 8 оноо авсан гэж нийслэлийн орлогч дарга Валерий Виноградов хэллээ: «Бүх хотууд зохих ёсны өрсөлдөгчид. Бүгд өөрийн гэсэн давуу талтай. Нэр дэвшигч хот бүрийн өргөдлийг 9 үзүүлэлтээр дүгнэхэд манайх хамгийн жинтэй нь байж, өндөр оноо авсан. Чухам ямар учраас ийм өндөр оноо авсан бэ? Бид шаардлагатай цогц баталгаа гаргаж өгсөн. Бараг 40 орчим. Оросын засгийн газрын баталгаанаас өгсүүлээд Москва хот, бидэндтэй хамт наадмын бэлтгэл ажилд оролцож байгаа түншүүдийн үүрэг хүртлэх янз бүрийн асуудалтай холбоотой баталгаа юм. Өргөдөл хүлээж авах ямар ч хороо манайх шиг түншүүдэд атаархана. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Их театр, Кремлийн музей зэрэг юм гэлээ. “Измайлово” зочид буудлын том цогцолборт байрлах олимпийн тосгон, спортын бүх объект, соёл-боловсролын хөтөлбөр зэрэг наадмыг зохион байгуулах гол бүрэлдэхүүнд Олон улсын олимпийн хороо өндөр үнэлгээ өгсөн байна. Залуучуудын наадам олимпийн наадам шиг спортын жинтэй арга хэмжээ хэдий ч, спорт хараахан мэргэжил нь болоогүй, өөр олон сонирхолтой хүүхдүүд тус наадамд хурд хүчээ сорино гэж Валерий Виноградов ярив. «Зөвхөн спорт төдийгүй бусад талаар ур чадвараа харуулж, шинийг мэдэж, олон найз нөхөдтэй болох хүсэлтэй бүх тивийн хүүхдүүд энд цуглана. Энэ наадмын хамгийн чухал зүйл бол спортын амжилт болохыг хэн ч үгүйсгэхгүй. Бид боловсролын чухал бүрэлдэхүүн хэсгийн суурийг тавьж байгаа. Тиймээс наадмын үеэр амьдралын хэв маяг, хоол унд, зугаа цэнглийн талаар олон яриа дэлгэж, музей болон театрт очино. Хэдийгээр энэ нь спортын арга хэмжээний хэлбэрээс хазайж байгаа ч, чухал юм. Бид өөрсдийн хүчинд итгэж байгаа ч, өрсөлдөгчдөө дутуу үнэлэх бодолгүй байна” гэж Валерий Виноградов үргэлжлүүлэв. Хүчтэй нь ялдаг жинхэнэ уралдаан бол олимпийн эрхийн төлөөх тэмцэл билээ. Бид ялна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>