Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс татгалзлаа. Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу-Дабид болсон сайд нарын уулзалтаар ийм шийдвэр гаргажээ. АНУ болон Европын Холбоо зэрэг гол хэрэглэгчид зах зээлд нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлж, үнийг хөөрөгдлийг зогсоох санал тавьсан юм. Нефтийн худалдааг ихэсгэж, хөөрөгдсөн үнээс нэмэлт ашиг олох энэ саналыг ОПЕК-ийн зарим гишүүд ч дэмжиж байсан. Зах зээлийн байдал тэнцвэртэй, мөн нефть хангалттай байгаа учраас дээрх санаа оновчгүй юм гэж ОПЕК-ийн ихэнх гишүүн үзжээ. Саяхан баррель нефтийн үнэ 90 доллароос давсан бурууг ОПЕК хариуцахгүй гэнэ. Нефтийн үнийг сэтгэл зүйн саадыг давж 100 долларт хүргэх хүслийг олон шалтгаантай гэж шинжээч Валерий Нестеров ярьж байна: «Нефтийн үнийн өсөлт цогц шалтгаантай. Дэлхийн түлшний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, нефтийн нөөц, хэд хэдэн орны газрын хэвлийн, агуулахын нефтийн нөөц багассан, нефть олборлох зардал нэмэгдсэн, Ойрх Дорнодын улс төрийн байдал тогтворгүй байгаа, америкийн долларын ханш унасан зэрэг олон шалтгаан нөлөөлсөн. Бэлэн мөнгөний зарим хэсэг үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох зээлийн зах зээлээс нефтийн фьючер гэрээний зах зээлд шилжсэн ч, нефтийн зах зээлд дамын наймаа улам нэмэгдэж байна гэж Валерий Нестеров үзэж байна. Нефть олборлолтыг одоогийн түвшинд хэвээр байлгах ОПЕК-ийн шийдвэр биржийн худалдаачдад гэнэтийн шийдвэр байлаа. Долларын ханш унасан энэ үед нефтийн үнэ эрс унахыг ОПЕК-ийн гишүүн орнууд хүсэхгүй нь ойлгомжтой. Өдөр өнгөрөх тусам энэ асуудал улам хурцдаж байна. ОПЕК-ийн гишүүн зарим орон доллароор тооцоо хийхийг татгалзахыг зүгээр санал болгоод зогсохгүй ярьснаа ажил хэрэг болгож байна. Зөвхөн эдийн засгийн бус янз бүрийн шалтгаанаар үүнийг хийж байна. Иран гэхэд л Японтой доллароор бус иенээр тооцоо хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна иранчууд евро зэрэг илүү тогтвортой валютаар төлбөр тооцоогоо хийхийг ОПЕК-ийг ятгаж байгаа юм. АНУ-ыг эсэргүүцэгч Венесуэлийн удирдагч Уго Чавес мөн энэ саналыг дэмжиж байна. Персийн хоолойн орнууд ирэх жилээс евротой төстэй өөрсдийн нэгдсэн валюттай болохоор ярилцаж байна. ОПЕК-ийн гол гишүүн Саудын Арави энэ санааг дэмжээгүй учраас хараахан доллароос татглзахгүй. Хэрэв төлбөр тооцоог доллароос өөр валютаар хийж эхэлбэл америкийн мөнгөн тэмдэгт дэлхийн хадгаламжийн валют байх статусаа алдаж болзошгүй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>