Европт пуужингийн довтолгооноос хамгаалах америкийн систем байрлуулах асуудлаарх яриа хэлэлцээнд АНУ, Орос улс ахиц гаргасангүй. Энэ тухай Орос улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Юрий Балуевский Вашингтонд Пентагон болон Төрийн Департаментын төлөөлөгчидтэй уулзасны дараа мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеев хэлэхдээ. Орос улсын тавьсан саналд АНУ-ын ирүүлсэн “шинэ” гэх саналыг хэлэлцсэний дараа ийм сэтгэлд үл нийцэх үр дүн гарсан нь харамсалтай. Генерал Балуевский америкийн байр суурийг асуудлыг үр нөлөөтэй шийдэхэд саад тотгор учруулж байна гэж дүгнэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэд хоногийн өмнө энэ асуудлаар Вашингтонд хийсэн яриа хэлэлцээний дараа хийсэн дүгнэлттэй бүрэн давхцаж байна. Тэрээр АНУ-ын бичгээр ирүүлсэн хариултыг сэтгэл гонсойлгосон гэж нэрлээд, америкийн тал 10 дугаар сард “2+2” Москвад болсон уулзалтын үер өгсөн амлалтаасаа няцлаа хэмээн мэдэгдсэн юм. Москвагийн гаргасан баримтыг өөнөгийн байдлаар Вашингтон сонсох ч үгүй, сонсохыг ч хүсэхгүй байна гэж генерал Балуевскийн хэлсэн нь үнэн юм. Орос улс бодит аюул занал байгаа эсэхийг тодорхойлоод, дараа нь холбогдох хамтарсан арга хэмжээ авахыг эхлээд санал болгож байна. Оросын тавьсан саналд америкийн тал чихгүй мэт байгаа нь Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээний хувь заяанд ч нөлөөлж байна. Орос улсаас ялгаатай нь АНУ энэ гэрээг батлаагүй, мөрдөө ч үгүй байгаа юм. Энэ л шалтгааны улмаас Москва 12 дугаар сарын 13-аас НАТО-ийн гишүүн бүх орон энэ гэрээг баталж, мөрдөх хүртэл хориг тавиад байна. Болгар, Румынд цэргийн бааз байгуулах, Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөөг бодвол Кремлийн энэ алхам хоёр дахин илүү үндэслэлтэй юм. Тэгэхлээр Орос улс Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээтэй холбоотой мэдээлэл солилцоход оролцохгүй бөгөөд гадаадын шинжээчдийг хүлээж авахгүй. Пентагоны төлөөлөгч яриа хэлэлцээг үр нөлөөтэй, маш их нээлттэй, үр дүнтэй болсон гэж дүгнэсэн нь гайхалтай. Магадгүй тэрээр 2008-2010 онд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны тухай меморандумд гарын үсэг зурсныг хэлсэн ч байж болно. Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээг солих тухай хэлэлцээр байгуулах боломжийн талаар Орос, АНУ байр сууриа нийцүүлэхийг чармайсаар байна гэж Юрий Балуевскийн хэлсэн үг хамгийн их итгэл төрүүлж байна. Уг гэрээний үйлчлэх хугацаа 2009 онд дуусна. Нөгөө талаар Москва, Вашингтон стратегийн тогтвортой байдлын бүх асуудлаар эрчимтэй яриа хэлэлцээ хийж байгаа нь сайн хэрэг. Оросын зүйр үгэнд хэлдэгчлэн удаан зовбол ямар нэг юм бүтэж магадгүй гэж хэлдэг нь биелэлээ олж магадгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>