Монгол Улсын Их Хурлын гишүүн, Найрамдалын монголын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хүндэт зочны хувиар тус бага хуралд оролцохоор Улаанбаатар хотоос хүрэлцэн иржээ. Элчин зөвлөх Сувд тэргүүтэй ОХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтнууд бага хуралд оролцов. Тус бага хурлын явцыг манай тусгай сурвалжлагч Ольга Павлович ажиглалаа. Тэрээр ийнхүү ярьж байна.
Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 4-р бага хурлын ажилд 70 гаруй идэвхтэй гишүүн оролцов. Тус нийгэмлэгийн удирдлагын урилгаар Монгол анд нөхдийн байгууллагын бүс нутгийн төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирлээ. Тухайлбал: Эрхүү, Чит, Кемерово, Новосибирск, Алтайн хязгаар, Буряд, Халимаг, Тува, Саха-Якут зэрэг нутгаас иржээ. Нийгэмлэгийн дарга ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол Улсын баатар цолтой, сансрын нисэгч Виктор Горбатко нийгэмлэгийн төв удирдлагын тайлан илтгэлийг танилцуулж, бага хурлыг нээв. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 2002 оны 4-р сард болсон бага хурлаас хойш хийсэн ажлын талаар тэрээр дэлгэрэнгүй ярив. Монгол анд нөхдийн нийгэмлэг санхүүгийн бэрхшээл зэрэг хүнд үетэй тулгарсан ч багагүй ажил хийж гүйцэтгэлээ. Виктор Горбатко өөрийн илтгэлдээ ийнхүү тэмдэглэв:
Тус нийгэмлэг дангаараа болон бусад төрийн болон олон нийтийн байгууллагатай хамтран Монгол улсын болон орос-монголын хамтын ажиллагааны түүхэнд ойн болон дурсгалт өдрүүдийг жил бүр Москвад тэмдэглэж байв. Тухайлбал Монгол ардын түүх, соёлтой оросын иргэдийг, мөн момголчуудыг оросын түүх соёлтой танилцуулах арга хэмжээг бэлтгэж, зохион байгуулахад оролцсон юм. Монгол улсын талаарх эрдэм шинжилгээ, уран сайхны зохиол, хоёр орны ард түмний хамтын ажиллагааны тухай хэвлэхэд дэмжлэг үзүүлж, оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ сэдвээр мэдээ, нийтлэл гаргахад бас тус болсон.
Виктор Горбатко цааш хэлэхдээ:
“Орос-монголын” найрамдалын нийгэмлэг зэрэг монголын түншүүдтэй үр ашигтай хамтран ажилласны дүнд телевизийн “Дэлхий тойрон аялал” нэвтрүүлэгт зориулж Монгол улсын тухай сурвалжлага, зургийг бэлтгэж өгсөн. Манай нийгэмлэг “Монгол орон бидний зүрхэнд” номыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, “Ийм дайн байлаа” Халхын голд дайтаж явсан орос-монголын ахмад дайчдын дурсамж эмхэтгэлийг гаргахад тусалсан. Маршал Жуковын 100 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэгийн идэвхтэй гишүүд Монголд очсон, Монгол, Оросын ард түмний найрамдлын хөдөлгөөн үүсч бий болсны 60 жилийн ой, Монголын тулгар улс байгуулагдсаны 800 жилийн ой зэрэг арга хэмжээг Монгол анд нөхдийн нийгэмлэг өргөн тэмдэглэсэн.
Янз бүрийн ойн болон арга хэмжээнд зориулсан тэмцээн, асуулт хариултын уралдаан зохион явуулахад “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакц тус нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа тухай Виктор Горбатко өөрийн илтгэлдээ дурдав. Дараа нь бага хуралд оролцогчид тус нийгэмлэгийн шалгалтын комиссийн тайланг сонсож, хүндэт зочин Жүгдэрийн Гүррагчаад үг хэлэх эрх олгосон юм. Тэрээр бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлээд, хэлэхдээ:
Хоёр орны ард түмний найрамдалыг бэхжүүлэх олон жилийн буянтай үйлсэд Монгол анд нөхдийн нийгэмлэг, нийгэмлэгийн идэвхтнүүд, шалгарсан анд нөхөд та бүхэн бидэнтэй хамт үнэнчээр зүтгэж байгааг энд хэлэхэд таатай байна. Тиймээс энэ үйлсэд хувь нэмэр оруулсан бүх хүнд бид чин сэтгэлээсээ талархаж, Монгол анд нөхдийн нийгэмлэгийн халаагүй удирдагч, тус нийгэмлэгийг 33 жилийн турш амжилттай удирдаж байгаа, монголчуудын эрхэм анд Виктор Горбаткод онцгой талархал дэвшүүлмээр байна. Бидний ажил амжилттай явагдаж байгаад орос түншүүддээ тухайлбал Монгол анд нөхдийн нийгэмлэг, Росзарубежцентр зэрэг орос түншүүдийн ач тус асар их болохыг тэмдэглэх хэрэгтэй. Оросын эдгээр байгууллагын гүйцэтгэж байгаа ард түмний дипломат үүрэг тухайлбал монгол, оросын ард түмний хоорондын хамтын ажиллагаа, найрамдалын санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж буй асар их ажлыг бид сайн мэдэхийн зэрэгцээ өндөр үнэлдэг билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа, зорилго, зорилтыг олон нийт ямагт ойлгон, дэмждэг юм. Монголын ард түмэн хэдэн зууны турш оросын ард түмнийг хүндэлж, чин сэтгэлээсээ итгэж ирсэн билээ. Манай ард түмний энэ сайхан сэтгэл нь манай Найрамдалын нийгэмлэгийн оршин тогтнох үндэс болдог.
Ж.Гүррагчаа Монгол-Оросын найрамдалын нийгэмлэгийн дарга Бадамсүрэнгийн мэндчилгээг уншиж, Найрамдалын монголын нийгэмлэгийн холбооны “Найрамдалын алтан од”, “Монгол-Оросын” найрамдалын нийгэмлэгийн дурсгалын одонг Оросын нийгэмлэгийн зарим идэвхтнүүдэд гардуулсан юм. Тухайлбал Анатолий Чекашев, Владимир Титиевский, Петр Иванов, Василий Ситников зэрэг бусад хүмүүсийг шагнав.
Бага хуралд оролцогчид нийгэмлэгийн даргын илтгэлийг 2 цаг орчим хэлэлцэж, үйл ажиллагааг нь сайжруулах талаар өөрсдийн саналаа хэлэв. Нийгэмлэгийн даргаар Виктор Горбатког дахин сонгож, хариуцлагатай нарийн бичгийн дарга Евгений Михайловын оронд нисэгч, нөөц хурандаа Владимир Бабушкин болов. Тэрээр цэргийн албаныхаа сүүлийн жилүүдэд Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлалын агаарын удирдах хэсггийн байлдааны бүлэгт нислэг үйлдэж байсан юм. Тэрээр хоёр дээд сургууль төгссөн. Мөн 1970-аад онд Монгол Улсын нисгэгч Ж.Гүррагчаатай хамт Жуковын нэрэмжит агаарын цэргийн инженерийн академид сурч байжээ. Бага хурлын төгсгөлд Оросын нийгэмлэгийн энэ байгууллагын цаашдын үйл ажиллагааг баталсан бөгөөд ойрын үед байгууллагын бүтэц нилээд өөрчлөгдөх төлөвтэй байна. ОХУ-ын зарим субъектад Монгол анд нөхдийн бие даасан байгууллага ажилладагийг харгалзан Москвад төвтэй Монгол анд нөхдийн бүс нутаг хоорондын нийгэмлэг байгуулахаар зарласан юм. Нийгэмлэгийн шинэ удирдлагад Орос-монголын найрамдалын бүс нутгийн нийгэмлэг байгуулахад шаардлагатай ажлыг хийх үүрэг ногдуулав.
Саяхан Орос улсын нийслэлд болсон Монгол анд нөхдийн нийгэмлэгийн тайлан сонгуулийн бага хурлаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэлээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>