Өвлийн спортын наадмын сахиус болох өрсөлдөгчид өвлийн өвгөнд мундахгүй байна. Тиймээс шинэ жилийн шидтэн сахиуст нэр дэвших 20 шалтгааныг үндэсний олимпийн хороонд танилцуулжээ. Өвлийн спортоор хичээллэдэг, биеийн бэлтгэлтэй байгаа зэрэг нь түүний гол хөзөр юм. Өвлийн өвгөн Сочи хотод болох олимпийн наадамд зориулж, европын хамгийн өндөр цэг Эльбруст авирч, спортын хүч тамираа амьдрал дээр харуулжээ. Шаргуу бэлтгэл сургуулилт хийсний дүнд өвлийн өвгөн энэ оны наймдгуур сард 5624 метрийн өндөр Кавказын энэ оргилд гарч, тугаа мандуулсан юм.
Өвлийн өвгөн Орос улсын баруун хойд хэсгийн Волгоград мужийн тал газар оршин суудаг. Эртний Их Устюг хотоос холгүйхэн орос хүүхдүүдийн хайртай өвлийн өвгөний өргөө байдаг. Шинэ жилийн өмнөх өдөр өвлийн өвгөн хүүхдүүдэд байнга бэлэг өгч, тэднийг шог хошин яриагаар цэнгүүлдэг. Өвлийн өвгөн 11 дүгээр сарын 18-нд Их Устюгт төрсөн өдрөө тэмдэглэлээ. Гэхдээ түүний нас тодорхойгүй. Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй өвлийн өвгөнд баяр хүргэхээр яаран ирсэн олон зочдод түүний нас сүүдэр хэд хүрч байгаа нь чухал биш юм. Сүүлийн үед түүний нэр хүнд асар их өсч байгаа учраас Их Устюгт зөвхөн оросоос төдийгүй гадаадын зочид гийчдийг хүлээж авахын тулд нисэх буудал барихаар болжээ. Волгоград мужийн орлогч дарга Владимир Смирнов энэ тухай мэдэгдлээ:
Өвлийн өвгөнийд улам олон орноос зочид ирэх болсон. Тухайлбал Оросын томоохон хотууд, Герман, Франц, Англи, Финлянд, Итали, Чехи, Голланд болон бусад олон орны төлөөлөгчид тэднийд ирсэн. Миний бодлоор өвлийн өвгөн ард түмнийг нэгтгэж, ардын дипломат төлөөлөгчөөр ажиллаж байна.
Өвлийн өвгөн төрсөн өдрөө тэмдэглэсний дараа шинэ жилийн өмнө Оросын хотуудаар дараа нь гадаадын орнуудаар аялна. Шинэ жилийн шидтэнд гадаадад байгаа ажил нэгт нөхөдтэйгээ уулзах гээд ажил мундахгүй их байна. Орос улсад л гэхэд янз бүрийн үндэстэн шинэ жилийн өөрийн гэсэн шидтэнтэй байх жишээтэй. Орчин цагийн өвлийн өвгөн цаг үеийн дэвшилтийг гүйцэх ёстой учраас шинэ мэдлэг туршлага олж авах, хүүхдийн ид шид, сайн сайхны тухай мөрөөдлийг биелүүлдэг байх нь чухал.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>