Одоогоор Монгол Улсад оршин суугаа, Оросын нэрд гарсын монгол судлаач, хэвлэн нийтлэгч Юрий Кручкин шинэ номоо хэвлэлтэд өгөхөөр бэлдээд байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатарт томилолтоор ажиллахдаа монголч эрдэмтэн Кручкинтэй уулзаж, шинэ ажлынхаа тухай ярихыг хүссэн юм.
Ю.Кручкин: «Энэ номонд 20 дугаар зуунд Монгол улстай ямар нэг байдлаар холбоотой байсан зөвлөлтийн үеийн хүмүүс, Орос хүмүүсийн тухай өгүүлнэ. Юуны түрүүнд цэргийн дарга нар байна. Тухайлбал Жуков, Рокоссовский зэрэг ЗХУ-ын 10 маршал Монгол улсаас ажлынхаа гарааг эхэлсэн юм. Манай улсын өнөөгийн болон зарим удирдлагууд ч Монгол улстай холбоотой байсан. Тухайлбал Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов Монгол улсад 10 жил геологичоор ажиллажээ. Орос улсын одоогийн засгийн газрын сангийн сайд Алексей Кудрин бага насаа Монголд өнгөрөөснийг мэдэх хүн ховор. Монгол оронд олон жил ажиллаж, энэ орны талаар, мөн онцлогийг нь сайн мэдэх зөвлөлтийн болон оросын мэргэжилтнүүдийн талаар өгүүлж, танилцуулахад энэ гарын авлагын зорилго оршиж байна. Номын хамгийн том бүлгийг эрдэмтэн юуны түрүүнд монгол судлаачдад зориулна. Орос улсад одоогийн байдлаар энэ чиглэлээр ажиллаж буй 200 гаруй өндөр мэргэжилтнүүд байна. Гэсэн ч тэдний талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ гарын авлагад ойролцоогоор 100 орчим хүний тухай өгүүлнэ».
Асуулт: Энэ гарын авлагын хамгийн гол зориулалт нь юу вэ?
Ю.Кручкин: «Гарын авлага юуны түрүүнд практик ач холбогдолтой байна. Оросын ч бай, олон улсын бизнес байгууллагууд төдийлөн судлагдаагүй салбарын мэргэжилтнүүдийг эрж хайж, хаана хандах, хаанаас зөвлөлгөө авахаа мэддэггүй болохыг би мэдэрсэн юм. Монгол судлаач чадварлаг мэргэжилтнүүд байсаар атал тэд гол төлөв мэргэжлийн бус хүмүүст хандах нь бий. Орос-монголын харилцаа олон салбарт идэвхтэй сэргэж байгаа энэ үед энэ хүмүүсийн ач тус асар их юм. Энэ гарын авлагаар дамжуулан эдгээр хүмүүстэй холбоо барих боломжтой. Би гарын авлагаа орос, монгол хэлээр хэвлүүлэх бодолтой байна.»
Асуулт: Энэ таны анхны бүтээл биш биз дээ?
Ю.Кручкин: « Би “Монголын хэн нь хэн бэ” гарын авлага гаргаж байсан. Монгол улстай холбоотой орос болон бусад орны 1000 орчим хүний нэрийг уг номонд оруулсан. Энэ номноос шаардлагатай хүмүүсээ олж, холбоо тогтоож чадсан олон хүн талархал илэрхийлсэн. Бизнест асар их хохирол амсахын оронд холбогдох мэргэжилтнээс 3 минутын зөвлөлгөө авахад хангалттай байх тохиолдол бий. “Монголын хэн нь хэн бэ” гарын авлага дууссан. Тиймээс шинэ ном ч гэсэн эрэлттэй байна гэж найдаж байгаа. Түүнээс гадна энэ ном танин мэдэхүйн онцлоготой байна.”

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>