Монгол Улсын нийслэлийн захирагчийн албаны дарга Ц.Батбаяр тэргүүтэй төөлөөлгчид Москва хотынхонд Улаанбаатарын өдрүүдийн талаар халуун сэтгэгдэл үлдээгээд эх орноо зорилоо.
Найрамдлын энэ баярын оргил нь Москва хотын концертын танхимд болсон Монголын урлагийн мастеруудын гала концерт байв. Москва хотынхон болон Орос Улсын нийслэлийн зочид Монголын урлагийн гайхамшигтай танилцлаа. Москва хотын нэгдүгээр орлогч дарга Владимир Ресин концертод оролцсон юм. Владимир Ресин болон Улаанбаатар хотын дарга Ц.Батбаяр нар танхимд цугласан үзэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Владимир Ресин Улаанбаатарчуудад сайн сайхныг хүсэн ерөөгөөд хэлэхдээ:
Энэ сайхан баяр Москва хотынхонд онцгой чухал билээ. Москва, Улаанбаатар хотын хооронд нөхөрсөг харилцаа тогтоосны 50 жилийн ойг бид тэмдэглэж байна. Хоёр орны нийслэлийн хооронд тогтоосон нөхөрсөг харилцаа, манай хоёр орны ах дүүгийн харилцаа нь эртний түүхэн язгууртай юм. Москва хотынхон энэ өдрүүдэд монголын ард түмний өвөрмөц соёлтой танилцана. Энэ нь манай ард түмний амьдралд онцгой үйл явдал болж байгаа нь гарцаагүй.
Хоёр орны нийслэлийн хамтын ажиллагаа баялаг агуулгатай болохыг Владимир Ресин тэмдэглэлээ. Улаанбаатар хотод орон сууцны бичил хороолол, инженер харилцаа холбоо, боловсон хүчнийг бэлтгэх, олон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг сайжруулахад тусламж үзүүлэх тухайлбал троллейбусны паркийг шинэчилж, дүүргэх зэрэг салбарт хамтран ажиллана. Хоёр хотын захирагч нар хоёр орны нийслэлийн ойрын жилүүдэд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрт архитектур, хот байгуулалт, тээвэр, орон сууц, соёл, спорт зэрэг салбарт хамтран ажиллах үндсийг тавьсан юм.
Концерт эхлэхийн өмнө Улаанбаатар хотын дарга Ц.Батбаяр мөн үг хэллээ.
Гала концертод Монгол Улсын Ардын жүжигчин, Бурядын ардын жүжигчин, Агын Бурядын автономит тойргийн гавъяат жүжигчин эрхэм Жаргалсайхан оролцлоо. Түүнийг “Питерийн дагуу” дууг дуулахад нь үзэгчид алга нижигнүүлэн ташиж байсан юм. Концертод Монгол Улсын Гавъяат жүжигчин Төвшинтөгс, Мөнхцэцэг, эстрадын дуучин Наран, “Улаанбаатар” жаз хамтлаг, ардын цөөхүүл хөгжим, Баярбаатарын удирдсан бүжгийн хамтлаг, Улсын циркийн уран нугараач Батчимэг, Цацрал нар оролцлоо. Концертод оролцогч бүрийг үзэгчид халуун дотно хүлээж авлаа. Концертын үеэр “Москва орчмын орой” нэртэй дууг дуучин Ганцоожтой хамт танхимд суусан үзэгчид бүгд түрэн дууллаа.
Москва хотод болсон Улаанбаатарын өдрүүдийн Монгол Улсын урлагийн мастерын гала-концертоос хийсэн сурвалжлагыг хүргэлээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>