Энэ хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн орнууд жилийн турш өөрсдийн форумыг зохион байгуулдаг юм. Москвагийн шинжлэх ухааны наадам энэ жил “Орос улс дэлхийн шинэчлэлд: түүх болон орчин үе” сэдвийн дор боллоо. Улсын политехникийн музей болон Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль наадмын гол зохион байгуулагчид юм. “Оросын дуу хоолой” радио залуучуудын энэ нэр хүндтэй наадамд мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байна.
Шинжлэх ухааны наадам нь эрдэм шинжилгээний төв болон олон нийтийн хамтын ажиллагааны онцгой хэлбэр юм. Их Британийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг байгуулагдсан тэр үед буюу 1831 оны есдүгээр сард энэ наадмын эхлэлийг тавьжээ. Эрдэмтэд, олон нийтийн жил бүрийн уулзалтыг аажимдаа шинжлэх ухааны наадам гэж нэрлэх болсон юм. Орос улсад ийм наадам 2006 онд болсон гэж Политехникийн музейн захирал, техникийн ухааны доктор Гурген Григорян ярьж байна:
Шинжлэх ухааны наадам бол залуу үеийг шинжлэх ухааны үйлсэд татан оролцуулах бүгд хүлээн зөвшөөрсөн практик юм. Шинжлэх ухааны наадам янз бүрийн оронд болдог уламжлалтай. Зарим оронд энэ наадам арилжааны ашигтай арга хэмжээний нэг болжээ. Москва хотын шинжлэх ухааны наадам хүндэтгэл хүлээх уран бүтээлийн адилаар шинжлэх ухаанд залуучуудын анхаарлыг татахад чиглэсэн юм. Эрдэм шинжилгээний үйлсэд хүчээ сорино гэдэг нэр төрийн хэрэг бөгөөд нийгэмд ач холбогдолтой ажил болохыг залуучууд цаашид ойлгоно гэж бид найдаж байна.
Энэ жил наадмыг 30 талбайд тухайлбал Ломоносовын нэрэмжит Москва хотын улсын их сургууль, нийслэлийн бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд зохиолоо. Москвагийн механикийн ангийн оюутнуудын бүтээсэн андриод робот асар их амжилтанд хүрчээ. Наадмын үеэр робот бүжиглэж, үзэгчдийг гайхшруулсан байна. Хүн төрхтэй энэ роботыг хүнд ажил нугалах зориулалтаар бүтээжээ. Энэ робот уурхайчин, сапёр, гэрийн эзэгтэйн ч үүргийг гүйцэтгэж чадна. Роботод хиймэл оюун, техникийн хараа суулгахаар зохион бүтээгчид нь ажиллаж байна.
Зоогийн газар захиалга авч, үйлчлүүлэгчид хоол хүргэж өгөх бүрэн чадвартай, яридаг тэргэнцэр олны анхаарлыг их татлаа. Тэргэнцэр оюутны бусад бүтээлийн хамт олон улсын тэмцээнд оролцож, шагналт байранд оржээ. Москва хотын авто замын дээд сургуулийн оюутнуудын бүтээж, туршсан хурдны ер бусын машиныг наадмын үеэр харж болохоор байлаа. Автомашиныг ажиллуулахад тун хялбар тул гэрийн эзэгтэй хүртэл өөрийгөө хурдны машины жолооч мэт сэтгэгдэл төрөх гэнэ. Оюутнууд энэ бүтээлээ амралтны өдрийн машин гэж нэрлэжээ. Одоо залуус “Формула Гибрид” машиныг бүтээхээр ажиллаж байна. Авто машин бензин цахилгааны хольцоор ажиллана.
Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын их сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлээ үзүүлж байсан бол Политехникийн музейд залуус эрдэм шинжилгээ техникийн бүтээлийг сонирхож байлаа. Эндээс өөр хаана оросын эрдэмтэн, зохион бүтээгчдийн ололт амжилтыг залуу үед үзүүлэх билээ гэж Гурген Григорян ярьж байна. Энэ жил тус музей байгуулагдсаны 135 жилийн ой тохиож байгаа юм.
Дэлхийн анхны аналог тооцоолон бодох машиныг бүтээсэн манай эрдэмтэн Владимир Лукьяновын эрдэм шинжилгээ-техникийн гайхамшигт бүтээлд та бүхний анхаарлыг хандуулмаар байна. Энэ нь усыг ашиглан дифференциал тэгшитгэлийг бодонгоо ажилладаг Лукьяновын гидравлик интегратор юм. Үүнийг манай музейд хадгалж байдаг. Усан цахилгаан станцын далангийн тооцоог энэ машинаар гаргаж байсан юм. Манайд электрон-техникийн гайхамшигтай сургууль байдаг. Тухайлбал электрон гагнуурыг аваад үзье л дээ. Өнөө үед өргөн тархсан технологийн энэ процесс оросын бүтээл юм. Эсвэл эрдэмтэн-электротехник Павел Шиллинг электрон соронзон индукци болон мэдээллийг давхар танилцуулах хоёр санааг нэгтгэж цахилгаан мэдээний аппарат бүтээжээ.
Эх орны тэргүүлэх эрдэмтэд наадамд оролцогчдод лекц уншиж, эрдэм шинжилгээний нэрд гарсан киног үзүүлсэн юм. Музейн эрдэм шинжилгээний номын сан ном сонирхогчдод эрдэм шинжилгээ-техникийн шинэ сэтгүүлийг танилцуулж, зарж байв.
Сонирхол нь дөнгөж бүрэлдэж байгаа дунд сургуулийн сурагч зэрэг янз бүрийн насны залуусын сонирхолыг татахын тулд наадмын өргөн хүрээтэй хөтөлбөрийн боловсруулсан юм. Багагүй охид, хөвгүүдэд тус наадам шинжлэх ухааны сонирхолтой шинэ ертөнцийг нээж, мэргэжлээ сонгоход нь тус боллоо. Наадамд энэ жил 20 мянга гаруй хүн оролцсон байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>