Тив дамнасан олон тээврийн гол зам барих төслийг дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулав. Аляскийн захирагч Сара Палин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа энэ төслийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Берингийн хоолойн дундуур Еврази, Амеркийг хонгилоор холбох “ICL-World Link” тив дамнасан олон тээврийн гол зам тавих санааг Арктикийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтын хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцэв. Энэ дээд хэмжээний уулзалтад төслийг санаачлагчид төдийгүй улс төрч, хөрөнгө оруулагчид, шинжээчид оролцсон байна. Тив дамнасан гол зам гэдэг нь юуны түрүүнд Якутаас Магаданы мужийг дайран Чукотка хүртэл төмөр замын нэгдсэн далан барих асар том төсөл юм. Нийт 6000 км төмөр зам тавихаас 102 км нь Орос улсын Чукотка, америкийн Аляскийг холбох Берингийн хоолойн дор тавих хонгил байна. Газар доорх хонгилд автомашин төдийгүй төмөр зам, нефть болон хийн хоолой, цахилгаан дамжуулагч болон цуултын шугам зэрэг байрлана. Оросоос АНУ-д төмөр замаар зорчино гэдэг саяхныг хүртэл мөрөөдөл байлаа. Тухайн үедээ мөрөөдөл байсан санаа амьдралд бүрэн хэрэгжих боломжтой гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Игорь Фаминский ярив.
Магадан муж, Чукотка, Корякскийн автономит тойрог, Камчаткийн хязгаар зэрэг бүс нутгийн эдийн засаг хөгжихөд энэ гол зам чухал ач холбогдолтой. Нөгөө талаас Берингийн хоолойгоор Аляск хүртэл хонгил тавивал АНУ, Канадтай ч, харилцаагаа өргөжүүлэх боломжтой. Одоо ашиглаж байгаа тэнгисийн замаас илүү дөт замаар ачаагаа тээвэрлэж, зохих газар хүргэх ачааны хэмжээ ч нэмэгдэнэ.
Төслийг хэрэгжүүлснээр Хятад, Япон, Орос, АНУ зэрэг бусад орны ачаа тээвэрлэлтийн 3 гаруй хувийг хангаж, олон улсын тээврийн урсгалын системд энэ нь гол зам болох бөгөөд Орос улс ачаа тээврийн дэлхийн төв болно гэж эдийн засагчид үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцсоноор тус замаар жилд 70 сая тонн ачаа тээвэрлэхэд зардлаа 30 жилд нөхөх аж. Хэд хэдэн орон нэгэн зэрэг төслийг хэрэгжүүлэх боломжтой. АНУ, Канадаас гадна энэ төсөлд Япон оролцох боломжтой. Мөн Ла-Маншийн хоолойгоор Евро хонгил тавих төсөл боловсруулж байгаа австрийн компани зэрэг бусад орон энэ төслийг сонирхож байна.
Дээд хэмжээний уулзалт болохын өмнө хөрөнгө оруулагчиц, техникийн шинжээчдээс бүрдсэн америк-оросын хамтарсан баг Берингийн хоолой доогуур тавих хонгилын орох хэсгийн талбай зэрэг зам тавих нутаг дэвсгэр дээгүүр ниссэн юм. Нутаг дэвсгэрийн гадаргуун онцлог хонгил болон зам тавихад маш сайн тохирох бөгөөд хонгилын орох хэсгийн газар 100 метр өндөр тул дэлхийн дулааралтаас Берингийн тэнгисийн түвшин нэмэгдэхэд зам усанд автахгүй гэж шалгалтын дүнгээд тодорхой байна.
Дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ-ын сенатч Лнза Мурковски, АНУ-ын Төрийн Департаментын нарийн бичгийн даргын туслах Дэн Саливан, Берингийн хоолойгоор Америк, Оросыг төмөр замаар холбохыг эртнээс дэмжиж байсан Аляскийн захирагч асан Уолтер Хикел нар энэ санааг дэмжсэн юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>