“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Евразийн эдийн засгийн хоёр дахь удаагийн форумд оролцогчид практик хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Хятадын Сиань хотод болж байгаа энэ арга хэмжээний гол зохион багуулагчийн нэг нь Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага юм. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэе.
ШХАБ-ын гишүүн орон, тус байгууллгын ажиглагчийн статустай улс орнууд, мөн бусад бүс нутгийн улс орнуудын практик хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэвийн болгоход Евразийн эдийн засгийн форум чухал үүрэг гүйцэтгэж байна. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев Сианьд болсон уулзалтыг ийнхүү дүгнэжээ. ШХАБ болон түүний хүрээнд байгуулагдсан Ажил хэргийн зөвлөлөөс гадна НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар энэ арга хэмжээг зохион байгуулахад оролцжээ.
Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ШХАБ-ын цэрэг стратегийн үйл ажиллагааг хэт дөвийлгөн бичсэн нийтлэл багагүй тааралддаг. Үнэн хэрэг дээрээ тус байгууллагын тэргүүн зэргийн зорилт нь хэн нэгнээс цэргийн хүчээр давж гарах бус бүс нутгийн бүх улсыг хөгжүүлэхэд чиглэдэг. ШХАБ сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад түлхүү анхаарч байна. Евразийн форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудлыг харахад энэ бүхэн тодорхой байна. ШХАБ энэ асуудалд анхаарал хандуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Бүс нутагт тэгш эрхтэй эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй талбар хэмээн ШХАБ өөрийгөө эрт дээр тодорхойлсон билээ.
Бүгд хуралдаанд оролцогчид бүс нутгийн интеграцчилалыг хурдасгах боломж, олон талт хамтын ажиллагааны тэргүүн зэргийн салбарыг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцоно. Эрчим хүчний асуудал хэлэлцэх чухал сэдэв байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай, мөн эрчим хүч хэмнэх, эрчим хүчтэй холбоотой экологийн асуудлыг шийдэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Жижиг болон дунд бизнесийг дэмжих бүс нутгийн систем байгуулж, санхүүгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэт багагүй найдвар тавьж байгаагаа талууд эхний хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.
Тус форум ШХАБ-ын ивээлд болсон энэ оны эдийн засгийн хамгийн чухал арга хэмжээ гэдэг нь эргэлзээгүй. Евразийн эдийн засгийн форум бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхэц өгч, бүс нутгийн хөрөнгө оруулалт болон соёлын боломжийг илрүүлнэ гэдэгт түүнд оролцогчид итгэлтэй байна. Санхүү, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол зэрэг янз бүрийн салбарт энэ форумын ажлын үр дүн мэдрэгдэнэ гэдэгт тэд итгэлтэй байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>