Энд дэлхийн хоёрдугаар дайны 700 ахмад дайчин цугласнаас 65 хүн тухайн үеийн домогт парадад оролцож байсан юм. Тэд тэртээ 1941 оны үе шиг хөл нийлүүлэн алхах бус баярт хүндэт үзэгчийн хувиар оролцож байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үе бол Орос улсад хувьд хамгийн хүнд үе байсан. Германы цэргүүд 1941 оны намар Москва хотын ойролцоо ирж, эзлэн авахад бэлэн байлаа. Хамгийн аймшигтай нь энгийн хүн ам, улаан армийн цэргүүд нийслэл герман цэргийн дайралтыг тэснэ гэдэгт тэд итгэхгүй байсан юм. Олон хот эзлэгдэж, олон удаа ялагдаж, их хохирол амссан байлаа. Тиймээс ард түмний сэтгэлийг сэргээх хэрэгтэй байсан юм. Тэр үед цэргийн парад явуулахаар шийджээ. Москва хот тэсгим хүйтэн, цас орж, хамгийн гол нь германы нисэх онгоц агаараас цохилт өгөх аюул нүүрлэж байсан юм. “Ямар ч нөхцөлд парад болох ёстой” гэж тухайн үеийн удирдагч Иосиф Сталин хэлжээ. 1941 оны 11 дүгээр сарын 7-нд улаан талбайгаар 28 мянга таван зуун хүн маршаар алхаж, тэргүүн отрядад очиж, зарим нь нийслэлийн хамгаалж, амиа өргөсөн юм.
Парад ард түмний сэтгэл санааг өргөж, ялалт байгуулах найдвар төрүүлэх гол үүргээ биелүүлсэн гэж улс төрийн асуудал эрхэлсэн академийн дэд ерөнхийлөгч хурандаа генерал Леонид Ивашов ярьсан юм. Улаан талбайд болсон энэ арга хэмжээ ЗХУ бууж өгөх бодлогүй гэдэгт гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд итгэсэн гэж хурандаа генерал үргэлжлүүлэн ярилаа.
Тухайн үед Вашингтон, Лондон ямар уур амьсгалтай байв? Дэд ерөнхийлөгч Трумэн: “герман, оросууд бие биенээ аль болох ихээр алж талж байг” гэж хэлсэн бол, Черчилль парламентад мөн иймэрхүү утгатай үг хэлсэн байна. “Хэрэв Орос улс Германы дайралтыг тэсч, 1941 онд сүйрэхгүй бол Гитлерт цохилт өгөхөд энэ улстай идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн байна. Гитлер европын бараг ихэнх орныг сүйтгэсэн шиг ЗХУ-ыг сүйтгэж чадахгүй гэдэгт тэд ихээхэн эргэлзэж байсан. Орос улс тэсч, ялалт байгуулсан. Энэ парадын дараа ухралт дайралтаар өөрчлөгдсөн юм.
Улаан талбайд болсон парадын дурсгалд зориулсан марш түүхэн болон орчин үеийн гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Дайны үеийн цэргийн дүрэмт хувцас болох погонгүй саарал шинэлийг Орос улсын далбааны өнгө бүхий хослолоор сольсон байна. Парадад Суворовын нэрэмжит цэргийн сургууль, цэргийн дунд сургууль, бүр энгийн сургуулийн сурагчид оролцжээ.
Өнөөгийн сурагчид тэр гамшигт өдрүүдийн талаар зөвхөн хүмүүсийн ярианаас сонссон, харин Улаан талбайгаар ахмад дайчдын өмнө маршаар алхахад тайлбарлах аргагүй сүрдэж байсан. Дайны үеийн баатрууд байгаагүйсэн бол дэлхийн хоёрдугаар дайн юугаар төгсөх байсан бол?

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>