Орос улсын нэрд гарсан Монгол судлаач, түүхийн ухааны доктор Марк Исаакович Гольман өнөөдөр (11-р сарын 7-нд) 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Түүнийг зөвхөн Орос, Монголын эрдэм шинжилгээний хүрээнийхэн төдийгүй бусад оронд сайн мэддэг. Эрдэмтний Монголын түүх, түүх зүйн чиглэлээр хийсэн ажил, баруун Монгол судлалаар хийсэн судалгаа нь энэ салбарын чиглэлийг хөгжүүлэхэд нхээхэн хувь нэмэр оруулсан юм.
Марк Гольман 1951 онд Москвагийн их сургуулийн дорно дахин судлалын монгол хэлний ангийг төгсчээ. Марк Гольман анх Энэтхэг судлаач болно гэж бодож байжээ. Гэхдээ тус их сургуулийн монгол хэлний ангид хуваарилагдсаны дараа Монгол орон, монгол хэлийг дуртай сурсан юм. Марк Гольман монгол хэлний орчуулагчийн диплом өвөртлөөд хэдэн жил үндсэн мэргэжлээрээ ажиллажээ. БНМАУ-аас ирсэн янз бүрийн төлөөлөгчдийг хүлээн авч, Москва хот, түүх дурсгалын газраар аялуулж байв. Хэдэн жилийн дараа тэрээр эрдэм шинжилгээний ажил эрхлэхээр шийджээ. Марк Гольман ийнхүү ярьж байна:
Би 1957 оны тавдугаар сард Орос улсын шинжлэх ухааны академийн дорно дахин судлалын Хүрээлэнд ирсэн. Эрдэм шинжилгээний энэ байгууллагад бараг хагас гаруй зуун жил ажиллаж байна. Анх цалингүй эрдэм шинжилгээний бага ажилтнаар ажилласан. Дэд эрдэмтний диссертациа хамгаалаад цалинтай эрдэм шинжилгээний бага ажилтан, удалгүй эрдэм шинжилгээний ахлах ажилтан болсон. Орос улсын шинжлэх ухааны академийн Дорно Дахины судлалын Монголын салбарыг хэдэн жил тэргүүллээ. Одоо би тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүн ажилтан. Нас дээр гарсан ч, үргэлжлүүлэн ажилласаар байгаадаа сэтгэл хангалуун байна.
Марк, Исаакович, та Монгол Улсад докторын зэрэг хамгаалсан Орос улсын анхны эрдэтдийн нэг. Докторын зэрэг хамгаалахад хэцүү байв уу?
Докторын зэрэг хамгаалахад тусалсан Монгол анд нөхөддөө юуны түрүүнд Монгол Улсын судар бичгийн хүрээлэнгийн анхны ерөнхийлөгч эрхэм анд Ширэндэвт талархах хэрэгтэй. Докторын зэрэг хамгаалахад тэрээр бүх талаар тусалсан. Улаанбаатар хотод диссертаци хамгаалах ажлын зохион байгуулсан эрхэм анд Далай, Хайсандай зэрэг монголын ажил нэгт нөхөд надад их тусалсан. Түүхийн чиглэлээр өндөр мэргэжлийн олон судлаачидтай оронд судалгааны ажлаар диссертаци хамгаалахад амаргүй байсныг хэлэх хэрэгтэй.
Одоо та ямар ажил хийж байна ?
“Орчин үеийн Монгол Улсын талаарх өрнөдийн зохиолчид” сэдэвт ажлаа дуусгахаар яарч байна. Монгол Улсын Олон улс судлалын хүрээлэнгийн монгол анд нөхөдтэйгээ хийж буй хамтын ажилд би оролцож байгаа. Энэ бол асар их ажил. “Орос-монголын харилцаа. Шинэ түншлэл” нэртэй юм. Энэ бүтээлийн хэд хэдэн бүлгийг би бэлдэж байгаа.
“Оросын дуу хоолой” радиогийн надад олгосон боломжийг ашиглаад ойн өдрийг тохиолдуулан сайн сайхныг хүсч, баяр хүргэсэн монгол анд нөхөддөө чин сэтггэлээсээ талархал илэрхийлье. Тэдэндээ сайн сайхан, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эдэмтэн Марк Гольмантай хамт ажилладаг Оросын монгол судлаачид өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байна. Тэдний нэг хэл бичгийн ухааны доктор Цэндийн Аннаг микрофоныхоо өмнө урьяа.
Эрдэмтэн Марк Гольман 80 нас хүрсэн гэхэд итгэх аргагүй. Тэр хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, эрч хүчээр дүүрэн хүн. Түүний ер бусын сониуч, амьдралд хайртай зэрэг зан чанар нь ямагт миний гайхшлыг төрүүлдэг. Манай оросын монгол судлалын салбарт Марк Исаакович онцгой хүний тоонд ордог. Тэр асар их боловсролтой, түүхийн ухааны өргөн мэдлэгээрээ дэлхийн монгол судлалын салбарт хүндтэй хүний нэг болсон юм. Марк Гольман өргөн мэдлэг, ерөнхий соёлтой хүн болохоор ямар ч асуудлаар маш үндэслэлтэй өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Марк Исаакович монгол судлалд асар их зүйл хийсэн. Түүний Монгол Улсын түүхийн баруун Монголын түүх зүйн ном нь сонгодог ном болсон. Монгол судлаач бүрийн ширээн дээр энэ ном байдаг. Тэрээр өөрийн шавь, анд нөхөддөө сэтгэл харамгүй тусалж, тэдэнд ихэнх цагаа зориулдаггүй байсан бол үүнээс ч ихийг хийх байсан гэж би боддог. Өөрийн ажлын жинхэнэ үнэлэгээг мэдэх гэсэн хүмүүс Марк Исааковичид ханддаг, тэрээр тухайн ажлыг уншиж, дүгнэлт өгөхөөс хэзээ ч татгалздаггүй юм. Үүнээс гадна Марк Исаакович их алиа хүн, түүнийг бүгд хайрлаж, хүндэтгэдэг.
Ажил нэгт нөхрийнхөө талаар түүхийн ухааны дэд доктор Елена Бойкова ийн ярьж байна:
Би оюутан болохын өмнө Марк Гольманы Монголын түүхийн тухай номыг уншиж байсан. Оросын Шинжлэх ухааны академийн Дорно Дахины хүрээлэнд ажилд орсны дараа би түүнтэй танилцсан юм. Тэрээр өргөн мэдлэгтэй, монгол судлалын салбарын гайхалтай мэргэжилтэн. Түүнд яамар ч асуудлаар хандаж, хариулт авах боломжтой. Бидний хайрлаж, хүндэлдэг энэ хүн ирээдүйд асар их ажил хийхээр төлөвлөж, эрч хүчээр дүүрэн 80 насныхаа ойг тэмдэглэж байгаад бид баяртай байна.


Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>