Эрхэм анд найз нараа, “Оросын дуу хоолой” радио Оросын Монгол анд нөхдийн нийгэмлэг, МОНЦАМЭ агентлагийн орос хэл дээрх хэвлэл “Новости Монголии” сонинтой хамтран зохион байгуулсан “Орос хэл Монгол Улсад” асуулт хариултын уралдааны дүнг саяхан гаргасныг санаж байгаа биз ээ. Монгол-оросын найрамдлын 47 дахь удаагийн сарын ажлын нээлт 10 дугаар сарын 11-нд болох үеэр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулсан юм. Шагнал гардуулах ёслолд “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг, тус хэлтсийн тоймч Ольга Павлович нар оролцсон. Иргэний агаарын тээврийн удирдах газрын менежер Түдэвийн Батжаргал манай радиод илгээсэн зохион бнчлэгээр тусгай байрын шагнал хүртсэн юм.
Батжаргал зохион бичлэгээ орос хэлээр маш сайн бичсэн байсан. Түүний уралдаанд илгээсэн ажлаас бид ганц ч алдаа олоогүй. Тэрээр “Би яагаад орос хэл сурсан бэ” сэдэвт зохион бичлэгээ асар их мэдрэмж, сэтгэл хөдлөл, маш сайн найруулгатай бичжээ. Тэр манай радиод ярилцлага өгөхдөө сэтгэл нь багагүй хөдөлж байв. Түүний ярилцлагыг өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуульяа.
Асуулт, хариултын уралдаан зарласныг сонсоод, шууд оролцохоор шийдсэн. Уралдааныг оны эхээр зарласан ч, би 8 дугаар сарын сүүлээр зохион бичлэгээ радиод илгээсэн. Зохион бичлэгээ яарч бичсэн ч, тусгай байрын шагнал хүртсэндээ баяртай байна. Би яагаад уралдаанд оролцохоор шийдсэн бэ? Бага байхдаа бусад монгол жаалуудын адилаар бороо орохоор “Бороо, бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж дуулдаг байсан. Яагаад ингэж дуулдаг байсныг мэдэгхгүй. Тухайн үед би анх удаа орос гэж хэлсэн нь тэр. Хожим орос хэл миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн. Би бага байхын л нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Улаанбаатар хотын захын хорооллын жирийн нэг хүүд аз таарч, Фрунз хотын цэргийн нисгэгчийн сургуульд элсэх эрхтэй болсон юм. Тэнд л би орос хэлийг сайн сурч эхэлсэн. Орос хэл сайн сурч байж, дуунаас хурдан сөнөөгч онгоцыг жолоодож сурна. Би орос хэл сурч, цэргийн нисгэгч болсон. Нислэгийн анхны илтгэлээ орос хэлээр тавьж байсан. Би ЗХУ-д 9 жил сурсан. 1997-2002 онд Санкт-Петербург хотын иргэний агаарын академид суралцсан. Орос хэл мэддэгийн ачаар л би энэ академид орсон. Орост миний олон анд нөхөд бий. Мэргэжил эзэмших, мөн сайн боловсролтой болоход найзууд маань надад тусалсан. Би оросын соёл, уран зохиол, хөгжмийг бишэрдэг. Тусархуу, илэн далангүй зантай Оросын ард түмнээр би бахархадаг. Хаана ч явсан орос хэл аминд ордог. Орос хэл, Орост мэргэжил эзэмшсэн нь миний амжилтын үндэс юм. Цаашдаа ч орос хэл миний туслагч хэвээр байна.
Миний зохион бичлэгийг өндөр үнэлж, сайхан бэлэг өгсөн “Оросын дуу хоолой” радиогийн ажилтнуудад талархалаа илэрхийлье.
“Орос хэл Монгол Улсад” асуулт хариултын уралдааны тусгай байрын шагнал хүртсэн Түдэвийн Батжаргал ярилаа. Батжаргал биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Эрхэм анд Батжаргал аа, Монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг, тус хэлтсийн тоймч Ольга Павлович та бүхэнтэй танилцсандаа маш их баяртай байна. Улаанбаатар хотоос холгүйхэн биднийг салхинд гаргасанд та бүхэндээ талархаж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>