Кремльд болсон хурлын үеэр үг хэлсэн юм. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэе.
Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сард болж, Орос улсын удирдагч хэн болох нь тодорхойгүй байгаа энэ үед ямар нэг залгамж бодлогын талаар ярьж яаж болох вэ? гэж хэлэх хүн таарч магадгүй. Тэр үед засгийн газрын бүрэлдэхүүн ч өөрчлөгдөж магадгүй. Ирэх 12 дугаар сард парламентын сонгууль болно.
Энэ бүхэн үнэн. Ерөнхийлөгч Владимир Путины одоогийн бодлогыг хүн ам, улс орны улс төрийн бүх тэргүүлэх хүчин урьд байгаагүйгээр дэмжиж байна. Орос улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь Владимир Путинд итгэдэг, түүнийг төрийн тэргүүн байхыг сайшаажээ. Түүгээр ч барахгүй олон хотод болж буй хурал цуглааны үеэр хоёр удаа дараалан ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлэхийг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл харгалзан түүнийг төрийн тэргүүнээр дахин 4 жил ажиллахыг олон хүн хүсч байна. Тиймээс ямар ч хүсэлт тавьсан Орос улсын шинэ төрийн тэргүүн Владимир Путины тавьсан замаас хазайх аргагүй юм.
Энэ болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд ерөнхийлөгч улс орны 2020 он хүртлэх нийгэм-эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалыг даруй боловсруулж, ирэх оны хоёрдугаар сард дуусгахыг засгийн газарт үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл. Өнөө хүртэл зөвхөн эдийн засгийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж байсан бөгөөд урт хугацааны төлөвлөгөө нь Орос улсын хувьд шинэ зүйл билээ. Владимир Путиныг сүүлийн долоо жил ерөнхийлөгч байх үед бүрэлдсэн санхүү, эдийн засгийн баазад түшиглэн 10 жилээр урьдчилан харж байна. Орос улс алт валютын нөөцөөр дэлхийд гуравдугаар байрт орж, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орны тоонд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж буй орны нэг болжээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд төлөх ёстой өрөө барагдуулснаар Орос улс ядуу оронд зээл олгодог хандивлагч орон боллоо. “Путины бодлогын” амжилтын гол шалгуур нь хүн амын амьжиргааны түвшин дээшилж, ирээдүйдээ итгэх итгэлтэй болсонд байгаа юм. Оросуудын ярьдгаар сайнаас сайныг эрдэггүй.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>