ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн бүрэлдэхүүнд Орос улсыг санал нэгтэй сонгосон нь олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн НҮБ-ын энэ том байгууллын зүгээс Орос улсад өндөр итгэл үзүүлж байгаагийн гэрч боллоо. Орос улсыг ЮНЕСКО-ийн удирдах байгууллагад оруулахыг 193 орны төлөөлөгч дэмжсэн байна. Тус байгууллагатай 53 жилийн турш хамтран ажилласан Орос улс юуны түрүүнд ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны зарчмыг тууштай хамгаалсны дүнд ийм шинэ статустай болжээ. Соёл хоорондын яриа хэлэлцээний үндсэн дээр дэлхийн ардчилсан дэг журам тогтоох нь чухал зорилтын нэг билээ. Орос улс энэ байгууллагын янз бүрийн төсөлд идэвхтэй оролцдог юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх соёлын асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүн Виктор Федоров ярьж байна: «ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд Орос улс идэвхтэй оролцож буйг дэлхийн улс орнууд мэдэж байгаа учраас энэ нь зүй ёсны хэрэг юм. ЮНЕСКО-оос явуулж буй тухайлбал дэлхийн олон хэл, олон янзын соёлыг хадгалахад чиглэсэн ажилд Орос улсын оруулсан хувь нэмрийг үнэлж ийм статустай боллоо гэлээ. Тусгай комиссийн үнэлгээгээр Орос улс ЮНЕСКО-ийн “оюуны томоохон хандивлагчдын нэг” бөгөөд өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа аж. Орос улсын санаачилгаар ЮНЕСКО тулгуур шинжлэх ухааны олон улсын хөтөлбөр боловсруулсан юм. Орос улс хэд хэдэн орны хамт Дэлхийн тоот номын сан байгуулах санаачлага гаргасан билээ. Одоо Орос улс дэлхийг хамарсан энэ төслийг боловсруулахад оролцож байна. Оросын боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО-тай нягт хамтран ажиллдаг юм. Тухайлбал Москва хотын Их театр, Санкт-Петербургийн Эрмитаж музейг хэлж болно. Дэлхийн энэ нэр хүндтэй байгууллагын ивээлд манай “Оросын дуу хоолой” радио “Бүх Орос улс А-Я” мультимедиа томоохон төсөл хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. ЮНЕСКО-ийн “Мэдээлэл бүхэнд”өнөөгийн хамгийн чухал хөтөлбөрийн хүрээнд энэ мультимедий төслийг хэрэгжүүлж байна. Орос улс НҮБ-ын хүмүүнлэгийн энэ байгууллагын улс төрийн бат бэх байдал, хүн төрөлхтний оюуны болон ёс суртахууны эв нэгдэлд чиглэсэн зорилтыг юуны түрүүнд дэмжих бодолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>