Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхийг хамарсан асуудал болоод байна. Тэр ч бүү хэл хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн олон улсын байгууллага дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох асуудлаар тусгай бага хурал зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааны талаар Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский тайлбарлана: «Тулгуур үндсэн шалтгааны улмаас зах зээлд ийм байдал үүсээд байна. Үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Хамгийн гол нь дэлхийн хүн ам жилд 80 саяаар нэмэгдэж байгаа бол нэмэлт хүнсний бүтээгдэхүүн нь 40 сая хүнд хүрэлцэх юм. Ийм хандлага эртнээс илэрсэн юм. Учир нь Энэтхэг, Хятад зэрэг үндсэндээ хөгжиж буй орны хүн ам өсч байсан учраас дэлхийн эрэлт, хэрэгцээ төдийлөн нэмэгдээгүй. Харин энэ зууны эхээр эдгээр орны эдийн засаг гайхалтай хурдацтай өсч байна. Тэгэхлээр хүн амын халаасанд байгаа мөнгө нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний эрэлт ихсэхэд нөлөөлсөн хэрэг гэлээ. Олон орны засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоох шуурхай арга хэмжээ авч байна. Орос улс гэхэд л дотоодын зах зээлийн үр тарианы нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд даваа гаригаас эхлэн бөөний зах зээлд улсын нөөцөөс үр тариа нийлүүлж, 11 дүгээр сарын 12-нд үр тарианы экспортод татвар ногдуулахаар зэхэж байна. Египет хүнсний бүтээгдэхүүний худалдаанд олгох татаасыг нэмэгдүүлж, Марокко импортоор авч байгаа үр тарианы татварын хэмжээг бууруулсан байна. Энэ мэт арга хэмжээ нь үнийн өсөлтийг түр хугацаанд л тогтоон барьж чадна гэдгийг бүх эдийн засагч ойлгож байгаа. Энэхүү ноцтой асуудлыг зөвхөн нийлүүлэлтий хэмжээ нэмэгдсэнээр шийднэ. Аркадий Злочевский ирэх улиралд үйлдвэрлэлийн хэмжээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Одоо тонн үр тариа 350-360 доллар байгаа бол ирэх жил үр тарианы үнэ нилээд буурч 220-250 доллар болно гэж бид таамаглаж байгаа юм. Бараг 30 орчим жил тонн үр тариа 100 доллар байсан хуучин үедээ очихгүй ч, өнөөгийн энэ өндөр үнээс арай татуу болох юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Улс орнууд тариалалтаа нэмэгдүүлж байна. Ингэснээр нийт ургацын хэмжээ нэмэгдэж, үр тарианы үнэ буурна. Үр тарианы үнэ өссөнөөр хөгжиж буй орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хэдэн арван жил ашиглаагүй газарт үр тариа тариалахад түлхэсэн билээ. Фермерүүд улсын татаасаар амьдрах бус үр тарианаас дахин ашиг олох болсон юм. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний өсөлтийг түр ч болох зогсоож, хүн амын өсөлт болон хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлтийн ялгааг түр ч болов арилгаж болох юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>