Элементийн бааз нь микрон болон субмикрон түвшинд байх тэр технологи юм. Нанотехнологийн хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Нисэх онгоц, сансарт микро болон нанотехнологи ашиглах тухай эрдэм шинжилгээ-практикийн хурал саяхан Москва хотын эрдэмтдийн ордонд боллоо. Улс орны эрдэм шинжилгээний томоохон байгууллагын мэргэжилтнүүд энэ чиглэлээр хийж байгаа өөрсдийнхөө ажлыг танилцуулсан юм.
Нанотехнологийн бүтээл туурвих хөтөлбөрийг төрөөс маш сайн санхүүжүүлнэ. Зөвхөн нисэх онгоц, сансрын салбарт бус анагаах ухаан, электроник болон бусад олон салбарт нанотехнологийг ашиглана. Микроскопын түвшний тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр хиймэл дагуул, нисэх онгоцны овор хэмжээ багасаад зогсохгүй, эдгээрийг хямд өртгөөр босгох боломжтой юм. Оросын шинжлэх ухааны салбар өмнөө тавьсан зорилтоо үр нөлөөтэй шийдвэрлэж чадна гэж Орос улсын сансрын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн ажилтан Валерий Вишняков ярьж байна. Валерий Вишняков ажил нэгт нөхдийнхөө шинэ бүтээлийн талаар хэд хэдэн жишээ дурдав:
Оптик тоног төхөөрөмж болон нарны туяагаар ажилладаг зайг элдэв бохирдлоос хамгаалах чадалтай нано хальс бүтээсэн Келдышийн нэрэмжит төвийн ажил надад их таалагдсан. Хүний үснээс ч нимгэн нано хальс нь оптикийн үр нөлөөг ихээхэн нэмэгдүүлж байна. Нарны зай гадны бохирдлоос нано хальсаар хамгаалагдсан тул түүний хүлээн авч буй эрчим хүчний хэмжээ эрс нэмэгдэж байгаа юм.
Нанотехнологийн ашиг тусын талаар олон жишээ дурдаж болно. Орос улсын сансрын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн ирэх жил сансарт нано хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Телефон утасны “Глобал-Стар” хиймэл дагуулын системд холбосон ердийн зөөврийн компьютерээс уг хиймэл дагуулыг удирдана. Хиймэл дагуулд телефон утасны дугаар олгоод, түүнтэй дуу хоолойгоор бус богино текст мэдээгээр харилцана. Нано хиймэл дагуулын нислэгийн үеэр интернет, хэт богино үелзэлтэй радио долгионоор дамжуулан уг аппаратыг удирдах технологи боловсруулахаар төлөвлөж байна. Дэлхийн экватор орчимд болон азарган бороо орох аюултай бүст мониторинг хийх үүднээс энэ аппарат, мөн үүнтэй ижил төстэй хоёр өөр аппарат хөөргөнө. Мөн хар салхи, газар хөдлөх шинж тэмдгийг тэмдэглэх туршилт хийнэ. Валерий Вишняков өөр сонирхолтой жишээ татлаа.
Азотын дутуу исэл зэрэг хийн бүрэлдэхүүн хэсэг дээр ажилладаг хөдөлгүүр хийж байна. Энэ нь хялбархан задарч, бага оврын резервуарт өндөр даралтанд хадгалах боломжтой эсэлдүүлэгч бий болгодог байна. Орчинд хор хөнөөлтэй түлш их хэмжээгээр ашигладаг одоогийн хүнд хөдөлгүүрээс ангижирах боломжтой юм. Энэ хөдөлгүүрт олон тооны тоног төхөөрөмж, электроник, удирдлага зэрэг олон зүйл шаардлагатай. Харин шинэ хөдөлгүүрт энэ бүхнийг хялбарчилсан байгаа.
Электроникийн тухай хэлэхгүй өнгөрч болохгүй. Бүх үйл явцыг удирдаж чадах хэмжээгээрээ даалууны хасаатай тэнцэх жижиг компьютер бүтээж болох юм. Том, жижиг оврын аппратанд нэг ийм шоо байрлуулна. Энэ бүхэн их хэтийн төлөвтэй. Нанотехнологийн нэг чиглэлийг хөгжүүлж байгаа, Оросын эрдэмтэн, Нобелийн шагналтан Жорес Алферовагийн хөдөлмөрөөр энэ бүтээлийг хийж байгаа юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>