Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод Монголын Шинжлэх ухаан Техникийн ордонд Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан баярын үдэшлэг болно. Энэ үдэшлэг болохын өмнө манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсын нийслэлд томилолтоор ажиллахдаа Улаанбаатарт суугаа Москва хотын захиргааны төлөөлөгч Михаил Ортынскийтэй уулзаж, хоёр орны нийслэлийн хамтын ажиллагааны тухай ярихыг хүссэн юм. М.Ортынский: “Одоогоос 50 жилийн өмнө Улаанбаатар хотын Ардын хурлын төлөөлөгчид Москвад анх айлчилсан юм. Энэ нь хэд хэдэн үе шаттай манай хамтын ажиллагааны эхлэл болсон. Улаанбаатар хотод 42 жилийн тэртээ өргөн хүрээтэй барилгын ажил эхэлсэн тэр үед хамтын ажиллагаа маш үр нөлөөтэй болсон юм. Тухайн үед миний ажиллаж байсан Москва хотын зөвлөлийн дэргэдэх Градмострой Барилгын 2 дугаар трест Улаанбаатар хотод томоохон объектыг барьж байсан юм. Юуны түрүүнд орон сууц барьж байв. Улаанбаатар хотын Баян-Зүрх дүүргийн 15 дугаар бичил хороололд анхны угсармал байшин барьсан юм. Москва болон Улаанбаатар хотын барилгачдын хүчээр 1990-ээд он хүртэл нэг сая гаруй ам метр орон сууц, 69 сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьсан юм. Шинжлэх ухаан техникийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг нийгэм-соёлын зориулалттай томоохон обьектыг барьж байгуулсан юм. Москва хотын барилгачид Монгол Улсын нийслэлийн барилгын салбарын аж үйлдвэрийн баазыг мөн байгуулсан. Орос, Монголын нийслэлийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн 10 жилийн тэртээ төр засгийн өндөр шагнал Монголын Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор Москва хотыг шагнасныг эргэн дурсахад таатай байна. Хамтын ажиллагааны ойн өдөр буюу 10 дугаар сарын 25-нд Орос улсын нийслэлийн далбаад энэ сайхан одонгоо зүүнэ”.
Асуулт: Михаил Анатольевич, шинэ үе захирч, шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны үе эхлээд байна. Өнөө үед хоёр орны нийслэл ямар үндсэн дээр хамтран ажиллаж байна вэ?
М.Ортынский: «ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2000 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан Улаанбаатарын тунхаглал 21 дүгээр зууны эхэн үеийн манай хамтын ажиллагааны үндэс болж байгаа юм. Энэ тунхаглалд тулгуурлан 2002-2004 оны “Москва-Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан нь 2008 он хүртлэх манай хамтын ажиллагааны үндэс болж байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, эрдэм шинжилгээ техник, соёлын чиглэлээр хамтран ажиллах тухай хөтөлбөрт тусгасан байгаа. Москва хотын захиргаа Улаанбаатар хотод “Москва”хороолол барих ажлыг санаачилсан. Москва хотын “итгэл хүлээсэн” бизнесийн байгууллага барилгын ажилд хөрөнгө оруулсан юм. Тус арилжааны байгууллагууд Монгол төдийгүй ОХУ-ын янз бүрийн бүс нутаг, гадаадад барилга барьж байгаа. Хөрөнгийн тодорхой хувийг улс эзэмшдэг “Зарубежстрой” компани, Москва хорооллыг барьжээ. Тус компанийн хөрөнгийн 29 хувийг төр эзэмшдэг. Одоогийн байдлаар Москва хорооллын 2 дахь шатны барилгын ажил эхлээд байна. Орон сууцны 5 барилга. Эдгээр орон сууцыг 2 жилийн дараа ашиглалтанд өгнө. Сүүлийн жилүүдэд бид боловсролын салбарт илүү нягт хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотод Москва хотын консорциумыг байгуулж, бидний зохион байгуулсан олимпиадаас мэдрэгдэхүйц үр дүн гараад байгаа билээ. Монгол Улсад өнөө үед асар их эрэлттэй байгаа техникийн мэргэжлээр Москва хотын их дээд сургуулийн Монгол дахь салбарт орос хэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тухайлбал төмөр замын, барилгын, уулын инженер, хөнгөн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм. Үүнээс гадна бид троллейбус зэрэг нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах схем боловсруулсан”.
Асуулт: Хоёр орны нийслэлийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд Москва хотоос ямар хүмүүс хүрэлцэн ирэх вэ?
М.Ортынский: “Юрий Королевский тэргүүтэй Москва хотын захиргааны төлөөлөгчид албан ёсны арга хэмжээнд оролцоно. Тэрээр Москва хотын Барилга, хот төлөвлөлтийн бодлого бүтээцийн хөгжлийн газрын нэгдүгээр орлогч дарга юм. Москва хотын троллейбусны үйлдвэрийн захирал, “Генплан” байгууллагын төлөөлөгчид ирнэ. Мэдээж хэрэг урлагийн мастерууд “Орос Улсын нийслэл Монгол Улсын нийслэлд” концерт тоглоно”.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>