Foto  http://fendom.ruАлтайн Улсын их сургууль монголын талтай олон жил хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ховд аймгийн төвд болсон Оросын соёлын өдрүүдийн хүрээнд Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны болон хүмүүнлэгийн бусад мэргэжлийн төлөөлөгчид тус хотод очжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг орос хэлний жил болгон зарласныг сануулъяа. Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны доктор, профессор Лидия Дмитриевна ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны шагнал хүртжээ. Алтайн их сургуулийн багш нар, Ховдын Улсын их сургуулийн гадаад хэлний тэнхимтэй хамтран тэтгэлэгт төсөл боловсруулж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова Лидия Дмитриеватай ярилцжээ.
Асуулт:Та бүхний хамтран боловсруулж байгаа төслийн талаар ярихгүй юу? Лидия Дмитриева: «Орос, Монголын хэл, соёлын хамтарсан судалгаа юм. Орос хэлийг гадаад хэлийн хувиар зааж байгаа их, дээд болон дунд сургуулийн багш нар, орос хэл сурч байгаа оюутан нарын орос хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх цогц хөтөлбөр боловсруулахад төслийн гол зорилго оршиж байна. Орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Орос орны түүх, соёл, ард түмний уламжлалыг зайлшгүй судлах шаардлагатай. Орос хэл сурах янз бүрийн нөхцөл байгаа тухайлбал орос хэлтэй хүмүүсийн орчинд орос хэл сурах, Оросын их дээд сургуульд оросоос өөр хэлээр ярьдаг хүмүүсийн орчинд орос хэл сурах, Монголын их дээд сургуульд монгол хэлээр ярьдаг хүмүүсийн орчинд орос хэл сурах боломжийг судалж байна. Судалгааны эцэст орос хэлийг гадаад хэл, мөн хичээлийн хэрэгслийн хувиар сурах үр нөлөөтэй аргын талаарх гарын авлагын цогц материал боловсруулах юм. Монголын их дээд сургуульд орос хэлний орчин үеийн сурах бичиг одоогоор байхгүй байна».
Асуулт: Ховд хотод болсон оросын соёлын өдрүүдийн хүрээнд ямар арга хэмжээ болсон бэ?
Лидия Дмитриева: “Монгол улсад орос хэл заах соёлын онцлог” тусгай хөтөлбөрийг монголын мэргэжил нэгт нөхөддөө зориулж боловсруулсан. Оросын соёлын өдрүүдийн хүрээнд их дээд болон дунд сургуулийн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх курс хэлбэрээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Монгол Улсад ийм хэлбэрийн мэргэжил дээшлүүлэх курс анх удаа болсон. ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны улсын гэрчилгээг тус курсийг дүүргэсэн Монголын их дээд сургуульд орос хэл заадаг 20 багшид гардуулсан. Үүнээс гадна Сергей Боженкогийн “Орчин үеийн хөрөг: Монгол харц” зургийн үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнд Ховд аймгийн орос хэлний багш, орос судлаач ахмадуудын болон соёлын зүтгэлтнүүдийн 30 орчим хөргийг дэлгэн тавьсан. Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны факультет, мөн Ховдын улсын их сургуулийн хэл бичгийн тэнхимийн оюутнуудын дунд “Орос хэл гайхалтай ертөнц” асуулт хариултын уралдаанд зохиосон. Оросын яруу найргийн энэ уралдаанд түрүүлсэн оюутанд ном бэлэглэсэн байгаа. Монгол хэл бичгийн оуютнуудын хувьд ном тэр тусмаа орос хэлээр бол хамгийн сайхан бэлэг билээ. Нутгийн оршин суугч, мөн оюутнуудтай яриа дэлгэж, бүх арга хэмжээ сайхан болж өнгөрсөн. Иймэрхүү арга хэмжээ Орос, Монголын ард түмнийг ойртуулж, түүх, соёлын мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм».
Асуулт: Та манай радио сонсогчидтой сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Лидия Дмитриева: «Нутгийн ард түмэн биднийг их сайхан хүлээж авсан. Ялангуяа Монголын багш, оюутнуудтай ярилцахад маш өндөр сэтгэгдэл төрсөн. Оюутнууд өөрсдийн өв соёл, Монгол улсын тухай бидэнд ярьж өгсөн. Өөр орны залуус юу хийж, хэрхэн амьдардаг нь бидэнд сонирхолтой байсан. Тухайлбал тэд ямар хөгжим сонсодог, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, ямар баяр тэмдэглэдэг зэрэг олон зүйл бидний сонирхолыг татаж байсан. Бид Ховдын их сургуулийн 2,3,4 дүгээр дамжааны оюутнуудтай танилцсан. Монголд танилцсан анд нөхөдтэйгээ бид Барнаулд уулзахыг их хүсч байна. Бид тэндээс олон сайхан дурсамжтай нутаг буцсан. Бидний энэ уулзалт олон жилийн найрамдлын харилцааны эхлэл болно гэж найдаж байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>