Foto: http://forum.elf.org.ruХархираа, хөөмий, сыгыт, эзегилээр, борбаннадыр зэрэг хөөмийн үндсэн таван хэлбэр байдаг. Мөн хөөмийний думчуктар /шинэ/, хоректээр /цээжнээсээ дуулах/, хову каргыыраазы /талын хархираа/ зэрэг хэд хэдэн төрөл байдаг ажээ.
Тувагийн янз бүрийн хөөмийний үүсэл гарлын талаар ард түмний дунд олон домог байдаг. Балар эрт цагт тэмээ хариулдаг хүмүүс хархираа хэлбэрээр хөөмийлдөг байжээ. Ингэ буйлахыг дууриаж дуугарснаас хархираа хөөмий үүсчээ. Ботго нь үхсэн ингэ хархираатай төстэй дуу авиа гаргаж, тэшидэг байна.
Хархираа гэсэн нэр томъёо нь хархирах буюу хяхтнах дуутай төстэй дуу авиаг илтгэж байгаа юм. Тухайлбал орчин цагийн Тува хэлэнд шуугих /хүүхдийн будаа буцлах дуу/, хяхтнах гэсэн авиаг дууриасан утгыг илэрхийлдэг каргырар үйл үг байдаг.
“Хөөмий” гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг авиа дууриах урлаг гэж нэрлэдэг, “Хоолээр” дуу авиа гаргах онцлог арга байдаг. Энэ нь дүнгэнэх буюу дүнгэнэхтэй төстэй дуу авиа гаргахыг хэлдэг байна. Тувагаар залгиур, төвөнх гэж нэрлэдэг.
Хөөмийн хэлбэр нь акустикийн хувьд хамгийн доод үелзлийн хүнд, доод шүнгэнэх дуу авиатай холбоотой юм. Хөөмийлөхдөө шүлэглэж хэлдэг. Монгол хөөмийнээс ялгаатай нь Тува хөөмий нь шүлэглэхгүй эсвэл бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмийлөх боломжтой.
Тува үндэстний дунд яригддаг домгоор өнчин хоцорсон бяцхан хүү олон өнгөөр цуурайтах хөндийн хавцлын бэлд гурван жил ганцаар амьдарчээ. Хүчтэй салхи салхилахад хавцлын дунд цуурай үүссэн байна. Хүн байгалийн хүчинд ганцаар хоцрохдоо, өөрийгөө илэрхийлэхэд байгал дэлхий тусалжээ.
Нэгэн өдөр хүү хавцлаас гарах дуу авиаг дууриалган дуугарчээ. Түүний энэ дуааг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ дууг “хөөмий” гэж нэрлэсэн байна. Монгол Улсын баруун хойд хэсэгт оршин суудаг тува үндэстнүүд мөн “хөөмийлдөг” байна.
Тувагийн сыгыт хөөмий нь исгэрэх гэсэн үйл үгнээс гаралтай.
Сыгыт нэр томъёо нь гаслан уйлах гэсэн утгатай юм. Тувагийн сыгыт хөөмий нь гашуудлын дэг жаягтай холбоотой мэт санагдаж байгаа ч, үүнийг шинжлэх ухааны үндэстэй судлах хэрэгтэй юм.
Хөөмийн нөгөө хэлбэр эзенгилээр дөрөө буюу эзенги гэсэн үгнээс үүссэн. Энэ хөөмий нь хөгжмийн онцлог, үндсэн санааг маш сайн илтгэдэг.
Мориор давхих үед эмээлд тохсон мөнгөн хазаар дөрөөтэй харшилдаж, тодорхой хэмнэлтэй дуу авиа гаргадаг байна. Ийм дуу авиа гаргахын тулд морьтон эмээлдээ тодорхой байдлаар сууж, морио жороолуулах хэрэгтэй юм. Эзенгилээр хөөмий энэ дуу авиаг дууриалгаж дуугарахаас үүсчээ. Foto: http://www.blues.ru
Борбаннадыг хөөмий нь бөөрөнхий зүйл өнхөрүүлэх гэсэн Тува хэлний “борбаннат” үйл үгээс үүссэн. Энэ нь хэмнэл бүхий хөөмий юм.
Ард түмний хөгжим яруу найргийн сэтгэхүй, мөн төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон. Тухайлбал хөөмий үүсэхэд тува үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг нь нөлөөлсөн. Эрт дээр үеийн хөөмийчид байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг байсан. Амьдралыг илтгэж чадаж байгаагаар хөөмийлөх үр чадварыг үнэлдэг. Зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадаж байгаагаар хөөмийн сайхныг үнэлдэг байна.
Эрт дээр үеэс хөөмий нь тува үндэстний хөгжмийн уламжлалт хэлбэрийн нэг байсан бөгөөд энэ үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Тува үндэстний баатарлаг үйлсийн үлгэр домогт хөөмийг маш тод тусгасан байдаг бөгөөд энэ урлагийг хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлж байна.
“Бөх шар морьтой Боролдой өвгөний үлгэрт”: “Боролдой өвгөн гэрийн хаалгаар өнгийхөд алтан гүнж байхыг харжээ. Гүнжийн үсийг зургаан бүсгүй алт-мөнгөн утсаар гөрж, гурван бүсгүй гоёл чимэглэлийг нь зүүж, зургаан залуу хархираа, хөөмий, сыгытыг хөөмийлж байжээ.”
Ардын хөгжим, яруу найргийг хадгалдаг учраас хөөмийчөд болон туйл хайлдаг хүмүүс нийгмийн аль ч давхаргад хүндтэй хүмүүсийн тоонд ордог байсан юм.
Хөөмийг хөгжмийн чавхадаст зэмсгийн хамт хөөмийлөх боломжтой.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>